Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын хуралдаанаар ХЗДХЯ-наас боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Сүүлийн жилүүдэд Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хулгайн хэргүүдэд иргэд олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ хүрээд байгаа. Тиймээс улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг ангилаллын хүрээ хязгаарыг нь шинэчилж тогтоох, тэдгээрийн үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг эл хуулиар тогтоож өгөх хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулсан.
Эл хуулийн төсөлд дараах заалтуудыг тусгалаа.
-Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга, удирдлагууд тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэсэн катеогориор тогтоолоо.
-Улс төрд нөлөө бүхий этгээдийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг
1. Төрийн албанд удирдах албан тушаал эрхлэхийг хориглоно
2. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд тэдгээрийн оролцоотой компаниудад удирдах болон эрх бүхий албан тушаалд томилогдохгүй
3. Төрөөс хэрэгжүүлж буй бүх төрлийн төсөл хөтөлбөр, хөнгөлөлт баталгаа, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй. Үүнд, хүүхдүүдийнх нь сургалтын төрийн санд хамрагдах эрхийг нь хязгаарлаж байгаа
4. Бүх төрлийн төрийн тендер, сонгон шалгаруулалтад ААН-ээрээ оролцохгүй байх заалтуудыг тусгасан" гэлээ.
Мөн төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй, бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй, концесс эзэмшихгүй байх юм. Энэхүү хязгаарлалт нь нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн хамаарахаас тусгажээ.