Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж бах үедээ дараах зүйлийг хэллээ.
Тодруулбал, "Монгол Улсын засгийн газар нүүрсийг ам үнээр биш, хил үнээр зарах тогтоол гаргасан. Ам үнээр 1 тонн нүүрсийг 109 ам.доллараар зарж байгаа бол хил үнээр 200 гаран ам.доллараар зарж байгаа. Хоёр дахин их зөрүү гарж байгаа учраас бид хил үнээр зарах чиглэлээр бүх ажлаа хийгээд явж байна.
Мөн манай улс бүх нүүрсээ биржээр зарах шийдвэр гаргасан. Хоёрдугаар сарын 01-нээс эхлэн биржээр зарж эхэлнэ. Бүх бэлтгэл ажлаа хийж байна. Энэ нь Монгол Улсад орж ирэх орлогыг нэмэгдүүлэх, мэдээллийг ил тод болгох, өрсөлдөж худалдаж авах зэрэг боломжуудыг бий болгож байгаагаараа онцлогтой.
Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг хоёр долоо хоног тутам Засгийн газарт Монгол Улсын валютын нөөцийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогыг танилцуулж явна. Валютын нөөцтэй холбоотой эрсдэл багасч байгаа гэж ойлгож байгаа. Албан ёсны ханш болон албан бус ханшийн зөрүү 200-300 төгрөг дотор хэлбэлзэж байсан. Энэ хэлбэлзэл байхгүй болж, 20 орчим төгрөгийн хооронд хэлбэлзэж байна" гэлээ.