Хувийн санхүүгийн зөвлөх Ж.Энхсанаатай монгол хүний санхүүгийн нөхцөл байдал, мөнгөн хуримтлал, сахилга батын талаар ярилцлаа. Тэрээр Шарк Танк нэвтрүүлэгт амжилттай оролцож "Плас" гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүндээ хөрөнгө оруулалт авч чадсан залуу бизнесмэн юм.
Хувь хүний санхүүгийн боловсрол юунаас эхлэх ёстой вэ?
Хамгийн түрүүнд мөнгө гэдэг зүйлийг ойлгох ёстой гэж бодож байна. Мөнгөөр гурван зүйлийг л хийдэг, хийх ч ёстой.
Нэгдүгээрт үрэх,
Хоёрдугаарт хадгалах
Гуравт Буяны зүйлд зарцуулах, өгөх.
Харин монголчууд бид үрэхийг их сайн мэднэ, хадгалж бол ер нь мэдэхгүй, өгч бол бүүр мэдэхгүй. Орлогын хэмжээ ямар ч байсан энэ гурван зүйлийг зохицуулж хийх ёстой гэж боддог. Гэтэл өнөөдөр бид нэг сая ч бай, 10 сая ч бай хамаагүй үрэх гэдэг дээр л тулгуурлаж амьдардаг. Хадгалдаг, энд тэнд буяны үйл ажиллагаанд өгдөг хүн ховор байдаг. Энэ гурван зүйлийг сурч байж хүн ерөнхийдөө тодорхой хэмжээний санхүүгийн боловсролтой болсон гэж өөрийгөө бодож болох байх.
Бид ихэнхдээ ямар нийтлэг алдаа гаргадаг вэ? мөнгөн хуримтлал үүсгэх тал дээр?
Хуримтлал үүсгэх хамгийн эхний алхам бол эхлээд хадгалаад үлдсэнийг нь үрнэ гэсэн зарчим л байдаг.
Би зөвхөн хүүхдийн мөнгөөрөө амьдардаг иргэн, хэд хэдэн лангуу ажиллуулан 10 сая төгрөг олдог, түүнээс ч илүүг олдог олон хүнтэй уулзаж үзсэн. Энэ төрлийн
Янз бүрийн нөхцөл байдалд амьдарч буй хүмүүстэй уулзаж үзэхэд тэдний нийтлэг хэлдэг зүйл "миний орлого хүрэхгүй байна" гэдэг. Хэдэн сая төгрөгний орлоготой байсан ч гэсэн адилхан шалтгаан хэлдэг.
Тэндээс ажиглахад хүмүүс цалин эсвэл орлогоо олчихоод үрж байгаад сарын сүүлд хадгална гэж боддог. Гэвч тийм юм байхгүй.
Хүн өөрийнхөө олсон орлогодоо тааруулаад амьдарч чаддаг.
Хэдэн ч төгрөгтэй байсан түүнийгээ яаж ийж байгаад үрээд л дуусгачихдаг. Тэгэхээр бид мөнгө хадгалахын тулд эхлээд хадгаламжиндаа хийчихээд дараа нь үлдсэн мөнгөөрөө зохицуулж амьдрах нь зөв байх.
Мөнгөн хуримтлал үүсгэх тал дээр илүү нарийвчлан төлөвлөгөө гаргавал хүмүүст илүү ойр, энгийн сонсогдох байх. Нарийвчлан төлөвлөвөл?
Өөрөө өөртөө зорилго тавиад хадгалах хэрэгтэй. Хадгаламжийн хэд хэдэн янз байж болно. Гэхдаа дараах 4 төрлийн хадгаламжийг зайлшгүй байх шаардлагатай гэж үздэг. Нэгт урт хугацааны хадгаламж буюу тэтгэврийн хадгаламж зайлшгүй байх ёстой. Залуучууд ялангуяа тэтгэврийн хадгаламж гэдгийг өөрөө өөртөө бий болгоод хуримтлуулах хэрэгтэй. Магадгүй одоогийн бидний төлдөг нийгмийн даатгал ирээдүйд, 20 жилийн дараа ч юм уу байхгүй байж болно. Тиймээс өөрийн ирээдүйдээ бодитоор санаа зовдог, байх хэрэгтэй.
Хоёрт, зорилготой хадгаламж буюу ямар нэгэн зүйлд зарцуулахаар төлөвлөсөн хуримтлал. Магадгүй байр, машин, хурим юу ч байж болно.
Гуравт, гэнэтийн үед хэрэглэх хуримтлал. Бидний амьдралд гэнэтийн зүйлүүд үргэжл тохиолдсоор байдаг. Тухайлбал, тодорхой хугацаагаар ажилгүй болох, гэнэтийн осол, гэмтэл эрүүл мэндийн асуудал гэх зэрэг гарахад хэн нэгнээс мөнгө зээлэхгүй, ямар нэгэн зүйлээ зарахгүйгээр асуудлаа шийдэхэд бэлэн байх нь зүйтэй.
Дөрөвт, өөрөө өөрийгөө шагнах гэсэн дөрвөн 4 хадгаламж байна. Үүнээс өөр нэмэлтээр зөндөө байж болно.
Хадгалах мөнгөн дүнгийн хувьд их байх албагүй. Тухайлбал нэг сая төгрөг олдог байлаа гэхэд 10 хувь буюу зуун мянган төгрөгөө хадгаламжиндаа хийчихээд тэгээд үлдсэн мөнгөө өөрөө өөртөө хүргээд сурах хэрэгтэй.
Ер нь бол орлогынхоо багадаа 10 хувийг, чадвал 20 хувийг байнгын, тууштай хадгалж чадаж байвал маш сайн гэж үздэг.
Хүүхдэд санхүүгийн тухай ойлголтыг хэдэн наснаас нь өгөх нь зөв бэ?
Миний бодлоор мөнгө гэдэг зүйлийг ойлгоод, юмны тоог мэддэг болсон цагаас эхэлж ойлголт өгвөл зүгээр гэж боддог. Тухайлбал би 7 настай охинтой. Хүүхэд дэлгүүр орох болгондоо ямар нэгэн зүйл нэхдэг. Энэ нь хүүхэд бүр дээр л ажиглагддаг зан.
Хүн Харин би охинтойгоо дэлгүүр орохдоо мөнгөн дүн дээр нь лимит тогтоож өгдөг. Чи 3000 төгрөгөнд багтаагаад юу ч авч болно. Тэрнээс дээшээ авч болохгүй гэх мэт. Ингэснээр охиндоо мөнгөний үнэ цэнийг ойлгуулж, барааны үнэ, тооцоо бодох, тодорхой хэмжээнд санхүүгээ зохицуулж сурахад нь тус болж байгаа юм. Нөгөө талаар хүүхдэд санхүү гэдэг нь хязгаартай, лимиттэй байдаг юм байна гэсэн ойлголтыг өгч байгаа.
Хүүхдэд санхүүгийн боловсролыг багаас нь зааж сургаж дадал болгох нь чухал.
Харин зарим аав ээжүүд хүүхдийнхээ нэхсэн болгоныг авч өгсөөр байгаад хүүхэддээ өөрсдөө ч мэдэлгүй санхүү нь хязгааргүй гэсэн ойлголтыг өгдөг. Хүүхэд өсөж том болоод юмны учир ойлгодог болсон ч гэсэн багын санхүүгийн боловсрол нь байсаар байдаг. Тэр сэтгэхүйгээрээ сэтгээд том болоод санхүүгээ сайн зохицуулж чаддаггүй байх гэж бодож байна.
Ер нь бол хүүхдийг мөнгөтэй яаж харьцахыг эцэг эх нь өөрсдөө сайн зааж өгөх хэрэгтэй.
Хуримтлал үүсгэж сураагүй насанд хүрсэн хүн буюу нэгэнт төлөвшчихсөн зан араншинтай хүнийг өөрчлөх боломж хэр байдаг вэ?
Хүн ямар нэгэн зүйлийг аминдаа тулахаар хийдэг шүү дээ. Магадгүй шахаанд орж байж л хийдэг. Тэгэхээр зайлшгүй шаардлага гарсан тэр үед ямар ч хүн өөрчлөгдөх байх.
Мөнгө хуримтлуулна гэдэг нь насан туршийн дадал.
Мөнгөн хуримтлалгүй хүний талаарх таны бодол?
Бүх хүн мөнгө хуримтлуулдаггүй ч гэсэн бүх хүнийг мөнгө хуримтлуулдаг байгаасай гэж боддог.
Би сүүлийн хоёр жил 40-өөд байгууллага, 20 гаруй сургалт хийж байсан гэхээр нийт 1000 гаруй хүнтэй уулзсан. Тэнд янз бүрийн орлоготой хүмүүс байна. Тэдэнд өгдөг гол зөвлөгөө бол “хэдэн төгрөг хадгалах нь чухал биш. Тогтмол хадгаламжийг бий болгох нь чухал” гэж хэлдэг.
Ямар төрлийн зээлийг боломжит, ямар төрлийн зээлийг огт хэрэггүй гэж үзэж байна вэ?
Миний өөрийн хүмүүст зөвлөдөг зарчим гэвэл үнэ цэнэ өсөхгүй зүйлийг битгий зээлээр ав гэдэг. Үнэ цэнэ өсөхгүй гэвэл утасны лизин, машин гэх мэт зүйлс орохыг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа.Сүүлийн 20 жилийн статистикийг харахад үл хөдлөх хөрөнгө л үнэ цэнэ нь өссөн хөрөнгө оруулалт байсан. Үнэ цэнэ нь өсдөг үл хөдлөх хөрөнгийг зээлээр авч болно. Бусад хэрэглээний зүйлсээ мөнгөө цуглуулаад авах хэрэгтэй.
Сонирхол хобби гэдэг асар хүчтэй. Ямар нэгэн зүйлийг өөрийн болгож, цуглуулж, худалдаж авч кайф авдаг хүмүүс цөөнгүй бий. Тэдний сонирхол хоббиг үгүйсгэхгүй ч яг амьдрал дээр тэдний авсан, цуглуулсан зүйлс хэнд ч хэрэггүй байх нь элбэг байдаг. Гэвч хүн тэр зүйлийг авснаараа өөрөө таашаал аваад байдаг. Энэ зөрчилдөөн дунд яах хэрэгтэй вэ?
Энийг ярихын тулд өөр зүйлс ярих хэрэгтэй болно. Хүн яаж кайф авдаг вэ? Зарим хүн ямар нэгэн зүйл худалдаж авч кайф авдаг нь үнэн.Гэвч худалдаж авч кайф авдаг таашаалын тархины үйл ажиллагааг судлаад үзэхээр богино хугацааны таашаал байдаг. Худалдаж аваад таашаал авдаг мэдрэмж тодорхой хугацааны дараа дуусдаг.
Гэхдээ хүн зөв зүйлээс таашаал авч сурч болно. Заавал өөртөө ашиггүй зүйлд өөрийнхөө санхүүг эрсдэлд оруулан барин таашаал авах албагүй. Ингэхгүй байх боломж бий.
Би хүнийг цорын ганц урт хугацаанд аз жаргалтай байлгадаг зүйлийг өсөлт гэж боддог. Хувь хүн өөрөө бие бялдар болоод оюун санааны хувьд өсч байх юм бол түүнээсээ үргэлж аз жаргалыг мэдэрч чаддаг.
Ихэнх хүмүүсийн хувьд хүүхэд нас нь их жаргалтай үе байдаг гэдэг шүү дээ. Учир нь тэр хүн өдөр болгон өсч байсан. Бие бялдар болоод оюун санааны хувьд. Харин 25 хүрээд ирэхээр үзэл бодол, оюун санаа, бие бялдар тогтдог. Энэ үеэс өсөлт нь ихэнхдээ оюун санааны өсөлт болж хувирдаг.
Тэгэхээр хүн өөрийн гэсэн зөв хоббиг олж, суралцаж өсч байх хэрэгтэй.
Худалдаж авдаг таашаалд эцэс хязгаар гэж байхгүй. Учир нь дараагийн зүйлийг худалдаж авах шаардлага үүсдэг.Энэ нь тухайн компанийн маркетингийн арга байдаг.