Их сургуулиа дөнгөж төгсөөд, ажлын талбар дээр гарах гэж буй залуусын хувьд төгсөлтийн дараах хямрал, сэтгэл гутралд өртөх нь түгээмэл. Учир нь цаашдаа яаж амьдрах, хэн болох, хаана ажиллах гээд олон тодорхойгүй байдал нь тэднийг тавгүйтүүлж, улмаар сэтгэлийн хямрал, цаашлаад сэтгэл гутралд ороход нөлөөлдөг байна. Тухайлбал, Cosmopolitan сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар их сургуулиа дөнгөж төгссөн 4 хүн тутмын 1 нь сэтгэл гутралд ордог болох нь тогтоогджээ.
Тэгвэл энэ үед хэрхэн өөрийгөө бэлтгэх, яаж даван туулах талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Т.Пунцагдаштай ярилцлаа.
Их сургуулиа төгссөний дараах сэтгэл гутрал
-ЕБС төгсөх, их сургууль төгсөх хоёрын аль нь хүний сэтгэл зүйд арай эмзэг тусдаг вэ? Ер нь аль нь хүний амьдралын хамгийн том шилжилтийн үед тооцогдох бол?
-Ерөнхийдөө аль аль нь л шилжилтийн үе. Хүүхдүүд энэ 2 үед хоёуланд нь хямардаг. Гэхдээ арван жил бол хүүхдийн өсвөр насны үе учраас юманд харьцангуй өнгөцхөн ханддаг, нэг их гүн гүнзгийгээр хүлээж авдаггүй үе байдаг. Тиймдээ ч найз нөхдөө дагаад мэргэжлээ сонгодог ч юм уу, ерөнхийдөө өөрийнхөө амьдралын хамгийн том шийдвэрийг гаргаж байгаа гэдгээ тийм ч их ухамсарладаггүй учраас энэ үед нэг их хямралд ороод байдаггүй.
Харин их сургууль төгсөх үе бол хамгийн чухал үе. Би цаашдаа хэн болох вэ, би дуртай мэргэжлээрээ сурсан билүү, үгүй билүү?, ирээдүйд яаж амьдрах вэ, одоо би жоохон хүүхэд биш боллоо гэх мэт мэдрэмжүүд төрдөг учраас оюутны төгсөлтийн дараа хүмүүс илүү хямардаг.
-Төгсөлтийн дараах сэтгэл хямрал, гутралын талаарх судалгаа хэр түгээмэл байдаг вэ?
-Монголд энэ талаарх судалгаа ер нь ховор, бараг байхгүй. Харин гадаад орнуудын судалгаа бол байдаг. Гэхдээ тэр орнууд манайхаас эрс тэс. Жишээ нь, арван жилийн сургуулиа төгсөөд шууд их сургуульд биш ихэвчлэн коллежид ордог. Харин манайхан ихэнх нь их сургуульд элсдэг. Иймэрхүү ялгаа их учраас харьцуулахад хэцүү.
-Тэгвэл монгол оюутнуудын хувьд их сургуулиа төгссөний дараах сэтгэл зүй нь ихэвчлэн ямар байдаг вэ? Ажилд орж амжаагүй, дөнгөж төгсчихөөд яахаа мэдэхгүй, тодорхойгүй байдлаас болж сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байх?
-Энэ бол тухайн хүний өөртөө итгэх итгэл болон шинэ орчинд дасан зохицох чадвартай холбоотой асуудал юм. Дөнгөж сургуулиа төгсчихөөд ажилд орох гэхээр зориглодоггүй, өөрийгөө арай болоогүй, чадахгүй гэж бодох, эсвэл дургүй мэргэжлээрээ сураад, төгссөн зэрэг шалтгаанаас болж сэтгэл гутралд орох нь бий.
Харин үнэхээр их сургуульд байхдаа дуртай мэргэжлээрээ сурсан оюутнууд бол магадгүй аль хэдийн хичээлийнхээ хажуугаар мэргэжлээрээ ажиллаад үзчихсэн, өөрийн ирээдүйд ажиллах салбараа ойлгочихсон байдаг.
Гэхдээ ихэнх хувь нь оюутан байхдаа цагийн менежмент болон хариуцлага гэх зүйлийг мэдрэхгүй байснаас болоод төгсөөд ажиллахаас айдаг.
-Төгсөлтийн дараах сэтгэл гутралд өртөхөд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ер нь олон шинж тэмдэг байдаг. Жишээ нь, хоолны дуршил ихсэх, эсвэл хоолонд дургүй болох зэрэг нь сэтгэл гутралын эхний шатны шинж тэмдэг юм. Сэтгэл гутралд дөнгөж сургуулиа төгссөн хүмүүс маш их өртдөг. Яагаад гэвэл төгсөнгүүт нийгмийн зүгээс, аав, ээж, хамаатнуудын зүгээс “Ажилд орсон уу?” “Цаашдаа юу хийх гэж байна?” гэх мэт асуултууд ирдэг нь сэтгэлийн дарамтанд оруулж, улмаар хурдан ажилд орохын тулд дургүй ажлаа сонгох хүртэл нөлөөлдөг. Мөн эргэн тойрны найз нөхөд нь хэдийн ажилд орчихсон байвал өөрийгөө тэдэнтэй харьцуулж, хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрөх зэрэг нь сэтгэл гутралд ороход нөлөөлдөг.
-Сургуулиа төгссөний дараах нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ? Магадгүй төгсөлтийн дараах амьдралаа хэт эерэгээр төсөөлөх нь бодит байдалтай нүүр тулахад илүү хүндээр тусах шалтгаан болдог уу?
-Энэ бол маш чухал. Төгсөөд л бүх юм бүтээд, болчих юм шиг томоор бодож, зорилго тавих нь нэг талаар буруу. Түүний оронд би төгсөөд хаанаас эхлэх вэ, миний хийх ёстой зүйл юу вэ гээд сайтар бодох хэрэгтэй.
Мөн төгссөний дараах нөхцөл байдлыг эцэг эх, ах эгч нараасаа эсвэл мэргэжлийн хүмүүстэй уулзаад өөрийг тань ямар орчин хүлээж байгаа талаар бодитой төсөөлөлтэй болох хэрэгтэй. Жишээ нь, манай улсын хувьд 95% нь дээд боловсролтой. Гэтэл намайг төгсөхөд ажлын байр ямар билээ гэх зэрэг зүйлсийн талаар зөв ойлголттой болж, сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй.
Мөн хэрэв та үнэхээр бэлэн биш байгаа бол заавал төгсөөд шууд ажилд орох албагүй. Манай нийгмийн буруу шаардлага бол ерөөсөө л тэр. Харин Европын орнуудын хамгийн зөв систем бол тухайн хүнийг төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байсан ч хэвийн хүлээж авдаг. Эсвэл төгсөнгүүтээ эхний жил гадаад орнуудаар аялаж, тэр хоорондоо бизнесийн санаагаа олж ч болно шүү дээ.
-Сургууль төгссөний дараах сэтгэл зүйн хямралд өөр ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ? Жишээ нь, сүүлийн үед сошиал их нөлөөлж байх шиг?
-Ер нь манай улсын хувьд сошиал бүх зүйлд л нөлөөтэй болоод байна. Нэг найз нь ажил хийгээд, оффис орчин дахь зургаа нийтлэхэд өөрийгөө хоцорч буй мэтээр мэдэрч, сэтгэл нь хямрах ч юм уу. Энэ тохиолдолд өөрийгөө цор ганц, надад зориулсан тусдаа амьдрал байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Анх ажилд орох үеийн сэтгэл зүй
-Тэгвэл анх ажилд орох үед сэтгэл зүйд ямар өөрчлөлт орох бол?
-Энэ бол их чухал асуудал. Учир нь их сургуулиа төгссөний дараа ихэнх хүмүүс айдастай байдаг. Яагаад гэвэл цагийн менежменттэй холбоотой айдас түгшүүр их гарч ирдэг л дээ. Жишээ нь, их сургуульд бол кредит цагаар хичээлээ сонгодог учраас өөртөө зориулах, найз нөхөдтэйгөө өнгөрөөх цаг хугацаа чөлөөтэй гардаг. Харин төгссөний дараа бүх зүйл өөр болж эхэлдэг. Өмнө нь оюутан байхдаа хэдий цагийн ажил хийж байсан ч, цагаар учраас гайгүй байдаг. Харин яг ажлын 8 цаг суугаад ажил хийхэд асар их хэмжээний хариуцлагын асуудал гарч ирдэг учраас дөнгөж сургуулиа төгсөөд ажилд орсон хүмүүст асар их хэмжээний сэтгэл зүйн асуудлууд тулгарч эхэлдэг.
Жишээ нь, хүний үг сонсохгүй байх, эсвэл ажлын 8 цагт компьютерийн ард суухдаа цаг аргацаасан байдалтай өнгөрөөх зэрэг нь хариуцлагын асуудалтай их холбоотой. Тэгэхээр үүнээс шалтгаалан хямрал их тохиолддог.
-Ажлын ярилцлагад ороод тэнцэхгүй байх нь бас өөртөө итгэлгүй болж, сэтгэлээр унахад нөлөөлөх байх?
-Ажлын ярилцлагад ороход ажил олгогчид ихэвчлэн “чи юу хийж чадах юм?” гэдэг ч юм уу бага зэрэг тушаасан, байцаасан хандлагаар асуухад тухайн хүний өөртөө итгэлгүй байдал шууд нэмэгддэг. Энэ тохиолдолд массын бараг 80 хувь нь шантарч, бүтэхгүй юм байна гэж бодох эсвэл манай гэрээс хол, цалин бага зэрэг өөр шалтгууд тоочиж эхэлдэг.
Мөн монголчуудын сэтгэлгээний онцлог нөлөөлнө. Жишээ нь, ихэнх ажил олгогчид ажлын туршлагатай хүн хайдаг. Гэтэл бодит байдал дээр ажлаа хийж чадаж л байвал туршлага тийм чухал биш. Гэтэл туршлагатай байх гэсэн шаардлага нь их сургуулиа төгсөөд удаагүй хүмүүст дарамт болдог. Энэ мэтчилэн тухайн хувь хүний сэтгэл зүйгээс гадна нийгмийн нөлөөлөл тэднийг сэтгэлийн хямралд өртөхөд түлхэц болдог.
Сүүлийн үед EQ гэдэг зүйл их яригдах болсон. Ажлын байранд дасан зохицох, бусадтай хамтарч багаар ажиллаж чаддаг байх, өөрийгөө мэддэг, өөрийгөө ойлгодог, хяндаг байх, хувийн менежмент, бусдыг ойлгодог байх зэргийг оюутан байхдаа эзэмшээгүйгээс болоод, зүгээр л цалин аваад ажиллана гэх бодолтой төгсөж, тэр нь нэг хоёр удаагийн оролдлогоор бүтэлгүйтсэнээс үүдэн сэтгэл санаагаар унах нь түгээмэл байдаг.
-Анх ажилд орсны дараа бас хүмүүс хямралд өртдөг. Энэ тал дээр?
-Ихэнх хүний хувьд ажилд орсоны эхний 3 сар маш гоё байдаг. Өөрийгөө том хүн болсон, биеэ даасан мэтээр мэдэрч, анхны цалингаа авах, түүнийгээ зарцуулах зэргээс кайф мэдэрдэг. Харин ажилд орсны 3 сарын дараах үеэс ерөнхийдөө хямрал явагдаж эхэлдэг. Энэ үеэс дараагийн 3 сарын хугацаанд тухайн ажлын юу нь хүнд хэцүү вэ гэдэг нь мэдрэгдэж эхэлнэ. Энэ асуудал дээр хариуцлага гэх зүйл маш чухал.
-Сургуулиа төгсөөд ээж болчихоод дараа нь ажлын байранд гардаг эмэгтэйчүүд цөөнгүй. Тэдний хувьд энэ хямрал хэрхэн тусдаг бол?
-Ээж болоод дараа нь ажилд орох нь, төгсөөд шууд орсноос илүү сэтгэл гутралд оруулдаг. Учир нь төрөхийн үеийн хямрал, төрсний дараах хямрал, гэртээ хүүхдээ харах 2 жилийн хугацаан дахь нийгмээс тусгаарлагдсан байдал зэрэг нь өөрөө тухайн хүнийг асар их хямралд өртүүлдэг. Гэтэл энэ бүх хямралын дараа ажилд орох нь бүр ч хүндээр тусахад нөлөөлнө. Тиймээс аль болох төрөхөөсөө өмнө ажиллаж үзээрэй гэж зөвлөх байна.
Дээрх сэтгэлийн хямралаас сэргийлэх, ангижрах арга зам
-Дасан зохицох чадвар чухал гэж та хэллээ. Хэрэв үнэхээр аливаа зүйлд удаан дасан зохицдог хүн байвал яах ёстой вэ?
-Энэ тал дээр мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэгтэй. Мөн флегматик, меланхолик, сангвиник, холерик гэх 4 темпрамент байдаг. Өөрийгөө эдгээрээс аль нь вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь, холерик темпераменттэй хүн маш хурдан дасан зохицно. Харин меланхолик темпраменттэй хүн бол энэ тал дээр маш удаан. Тиймээс өөрийгөө сайн мэддэг байгаад, тусламж хэрэгтэй гэж үзвэл мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь зүйтэй.
-Ярилцлагын төгсгөлд сургуулиа дөнгөж төгссөн хүмүүст өөрийн зүгээс зөвлөгөө өгөөч?
-Өөрөө өөртэйгөө ярилцаж, өөрийгөө ойлгодог байх гэдэг зүйл хамгийн чухал. Та төгсөөд шууд ажилд ороогүйдээ гутрах биш, эсвэл ажилд орчихоод таалагдахгүй байлаа гээд гутрах биш өөрийгөө таньж мэдэж, өөртэйгөө ажиллаж сурах нь маш чухал. Өөрийгөө таньчихаад дараа нь хийх зүйлсээ төлөвлөх хэрэгтэй, ингэхдээ бага багаар төлөвлөх нь чухал. Нэг дор олон зорилго тавих биш, нэг зүйлд тууштай зүтгэснийхээ дараа тэр явцад ямар олон зүйл олж авсанаа анзаарах болно. Ингэж л зөвлөх байна.
Нийгмийн хамгийн сул тал нь бусад хүмүүс чамайг байнга харж, чи түүгээр өөрийгөө үнэлж байдагт оршдог. Харин хамгийн сайн тал нь нийгэм чамайг байнга хөгжүүлж байдаг. Нийгэм байхгүй бол чи бид амьтан шиг л байх байсан.