Шинэ Зеландчууд өнгөрсөн долоо хоногт болсон галт уулын дэлбэрэлтэд өртсөн хохирогчдод зориулж даваа гарагт улс даяараа нэг минутын чимээгүй зогсолт хийж байна.
Цагаан арал дээрх гэнэтийн дэлбэрэлтээс үүдэж нас барсан хүмүүсийн тоо 16 хүрээд байгаа. Сураггүй болоод байсан хоёр иргэний цогцос арал хавийн усанд байгаа гэгдэж буй. Цагдаагийнхан одоог хүртэл хоёр цогцсыг хайж байгаа.
Шинэ Зеланд, Австралийн эмнэлэгт 26 хүн хэвтэж эмчлүүлж байгаагаас ихэнх нь хүнд зэргийн түлэгдэлтэй байна.
Веллингтоны “Зөгийн үүр” парламентийн ордонд Ерөнхий сайд Джасинда Ардерн бусад сайдын хамтаар даваа гарагийн чимээгүй зогсоолыг эхлүүлсэн.
“Алдагдсан хүмүүс Шинэ Зеландтай үүрд холбогдлоо. Бид тэдэнтэй үргэлж ойр байх болно” гэж өөрийн албан ёсны инстаграм хуудастаа Ардерн бичжээ.