Нүүрсний хулгайн асуудлаарх нээлттэй сонсгол өчигдөр өглөөний 10 цагт Төрийн ордонд албан ёсоор эхлэх байв. Зохион байгуулах ажлыг УИХ-ын Тамгын газраас хариуцаж, нийт 4 танхимд иргэдийн төлөөлөл, УИХ-ын гишүүд, хуулийнхныг хуваан суулгахаар төлөвлөсөн нь сонсголд оролцохоор ирсэн иргэдийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж төлөвлөгөө нурснаар үйл явдал ширүүхэн өрнөсөн.
"АН-ынхан ба Б.Хурцынхны дэглэсэн жүжиг асуудлыг сарниулах гэж оролдов"
“С.Чинзориг гишүүнээ эрх ямбатнуудаараа биш иргэдтэйгээ хамт сууж хэлэлцэе” гэж хашгичсан чимээнээс асуудал хөмөрч эхлэв. Уг нь “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” гэсэн сэдэв дор сонсголыг зохион байгуулах болж хуралдааныг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулах болсон.
Гэвч “хашхираан” асуудлыг өөр зүгт хандуулж, иргэдийн цөсийг хөөргөсөн. Үймээний гол дүрүүд Ардчилсан намын “автор”-тай, Өмнөговь аймгийн хамааралтай байв. Товчхондоо, асуудалд орсон гишүүдийн туслах, зөвлөхүүд байв. Ордны гаднаас сонсгол эсэргүүцэж нүцгэлсэн иргэд сонсголын төсгөлд хэн нэгний захиалгатай болж хувирсан. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Дээрх иргэдээс гурав нь хэргээ хүлээж, санхүүжилттэй холбоотой мэдүүлгийг өгсөн байв. Ийнхүү нээлттэй сонсголын хаалт төлбөртэй түйвээн болж өндөрлөв.
"Их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэрт тоглоцгоов"
"Нүүрсний хулгайчийг зарла. Хариуцлага тооцож хөрөнгийг нь хураа"... гэсэн шаардлагыг тавьсан иргэдийн 16 хоногийн тэмцэл үр дүнгүй болж хувирлаа. Дуу чанга, дэгтэй жагсаж эхэлсэн иргэд 16 хоногийн туршид туршуулуудын дунд эцэж, тэмцэх эсвэл шантралын туйлд төөрч эхэлсэн юм. Анхандаа үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн иргэд явцын дунд захиалгын хүмүүсээр дүүрч алаг цог дүртэй болсноор органик жагсаалын эрч суларч зорилго бүдгэрч эхэлсэн гэхэд хилсдэхгүй. “Нээлттэй сонсгол”-оор төр нь иргэдтэйгээ хамт асуудлыг нэг талд гаргаж, нэгдсэн шийдэлд хүргэх гэж хичээсэн боловч “хуулийнхан” эс хүсэх үйлдлээ харуулсаар “өдрийн тэмдэглэлээ” тайлагнасан болоод өндөрлөсөн нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргээд амжсан.
"Хуулийнхан хулгайг илрүүлэх сонирхолгүй, эсвэл улс төрийн хүчинд дарагддаг уу"
Тодруулбал, нээлттэй сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оффтэйк гэрээнүүд, санхүүжилтийн тайлан, Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ, санхүүгийн тайлан, нүүрс тээвэртэй холбоотой асуудлуудын талаар албаны эх сурвалжууд мэдээлэл хийх байв. Гэтэл сонсгол анхнаасаа мэтгэлцээн шиг болж оффтэйк гэрээндээ хүрч чадалгүй оршил явсаар өндөрлөсөн.
УЕП Б.Жаргалсайхан Нүүрсний хулгайн 39 хэрэгт 53 хүнийг шалгаж байгаа талаар мэдээлж экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг нүүрсний хэрэгт бус өөр хэргээр яллагдагчаар татсан хэмээн мэдээлсэн.Түүнчлэн Хөгжлийн банкны асуудал хөвөрсөн хэвээр байгаа тул 87 хүний хэрэг шүүх дээр боогдсон бол түүнээс таван хүн улс төрд нөлөө бүхий албан тушаалтан байгаа гэсэн нь УИХ-ын гишүүд гэсэн мессэжийг хэвлэлийнхэнд шивнэж амжсан.
Харин АТГ-ын дарга З.Дашдаваа "экс Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн батлан даалтаар БНСУ руу эмчилгээ хийлгэхээр гарсан байгаа тул оргон зайлсан гэж хэн нотлох юм” гэж чангарав.
Гаалийнхан хулгайн нүүрс тээврийн асуудалдаа дунд шатны хоёр албан тушаалтныг холбогдуулан шүүхэд өгсөн гэдгээс өөр тодорхой мэдээлэл хийсэнгүй. Үндсэндээ хуулийнхан хулгайг нуух сонирхолтой юу, эсвэл тэд илчлэх сонирхол байсан ч улс төрийн хүчинд дарагддаг байж болох юм.
Асуудлыг хоёр талтай дүгнэж болохоор. Нэгдүгээрт, Иргэдийг төлөөлсөн хүмүүс асуудлаа олж хараагүй. Зарим нь бүр ойлгоо ч үгүй. Ахуйн шинжтэй зовлон ярьсаар заримыг нь хайлуулж, заримыг нь дүрэлзүүлэх нь тэр. Нөгөө талд хуулийнхан индэр дээр гаргаад илтгэлээ тавьснаас ялгаагүй асуудалд хандав. Тэд “дургүйд хүчгүй” гэдэг үгийг духан дээрээ бичээд суусан нь илт харагдав.