Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Өлзийчимэг: Гурван өрөө байртай болсон ч хүүхдээ асрамжийн төвөөс ирж авдаггүй эцэг, эх байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 16 секунд

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 976 хүүхэд асрамж, халамжийн төвд өсөж, торниж байна. Гэвч эдгээр хүүхдүүдийн 45,5 хувь буюу 443 хүүхэд эцэг эхтэй гэх судалгаа гарчээ. Өдөр ирэх тусам эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага багасч улмаар асрамжийн газруудын ачаалал жилээс жилд нэмэгдэж буй юм.

Гэтэл хүүхдээ асрамжийн газарт үлдээж буй ээж, аавууд эцэг эх байх үүргээ ухамсарлахгүйн дээр огт хариуцлага хүлээдэггүй аж. Хууль эрх зүйн хувьд ч эцэг эхчүүдийн үүрэг, хариуцлагыг хүлээлгэх хууль эрхзүйн орчин дутмаг байдаг байна. Тиймээс асрамж, хамгааллын төвүүд хийгээд Монголын ирээдүй хойч болсон бяцхан хүүхдүүдэд ямар ямар асуудал тулгардаг болон бусад асуудлын талаар "Өнөр бүл" хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэгтэй ярилцлаа.

-Эцэг эхтэй хүүхдүүд асрамж, хамгааллын төвд их ирдэг юм байна. Үүний учир шалтгаан яг юу гэж хардаг вэ?

-Асрамжийн газрын хүүхдүүдийн хувьд эцэг эх нь амьдралын боломжтой, тэжээн тэтгэх боломжтой байдаг. Гэвч тэд "Би архины хамааралтай, орон гэргүй болчихлоо" гэх мэт шалтгаанаар хүүхдээ авдаггүй.

Мөн Засаг даргын захирамжийг би буруу гэж үздэг. Угтаа гэр бүлийн тухай хуулинд "Хүүхдүүдийнхээ өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг, хариуцлага"-ыг заагаад өгчихсөн байдаг. Энэ үүргээ биелүүлэхгүй бол шүүхээр эрхийг нь хязгаарлана гээд заачихсан. Эцэг, эх байх эрхийг нь хязгаарласнаас хойш тухайн ээж, аав ямар үүрэг хүлээх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Гэтэл энэ эрхээ хязгаарлуулсан хүмүүс маань "Хүүхдээ асрамжийн газар өгчихсөн, хоолтой, ундтай, сайхан байгаа" гэх мэт байдлаар асуудалд ханддаг. Огт хариуцлага хүлээдэггүй.

Тиймээс засаг даргын захирамж нь хуулиар баталгаажсан эцэг, эх байх үүргээ огт биелүүлэхгүй, чөлөөтэй явуулчихаж байгаа юм. Түүнээс гадна аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нар эцэг, эхчүүдийн эрхийг хязгаарлачихаад эргээд хүүхдүүддээ анхаарал тавьж, санаа зовдоггүй. Яагаад дүүргүүдийн хороо, нийгмийн ажилтан, мэргэжилтнүүд бүгдээрээхүүхдүүдийнхээ араас явахгүй байгаа юм бэ. Яагаад энэ асуудлыг хуулинд нарийвчлан тусгаж өгөхгүй байгаа юм бэ.

Магадгүй албадан хөдөлмөр эрхлүүлэх замаар тухайн ээж, аавын ажилтай, орлоготой болгоё. Албадан эмчилгээнд хамруулъя, соён гэгээрүүлье гэх зэрэг саналыг бид удаа дараа тавьдаг. Гэтэл зарим мэргэжлийн хүмүүс албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хүний эрх зөрчиж байна гэдэг. Тэгвэл тэр хүүхдүүдийн эрхийг яагаад уландаа гишгээд байгаа юм бэ.

-Эцэг эх байх эрхээ хасуулсан хүмүүс илүү чөлөөтэй болж байна гэж та хэллээ шүү дээ. Тэгвэл яг энэ жишээнд тохирох кейс хэлж өгөөч?

-Угтаа дээд тал нь зургаан сарын хугацаатай эцэг, эх байх эрхийг хязгаарлах ёстой байдаг. Жишээнээс дурьдвал,

Эрхээ хасуулсан нэг ээж байдаг юм. Хоёр хүүхэд нь манай асрамжийн төвд хоёр хөл нь хөлдсөн, осголтын байдалтай, нэлээд хүнд нөхцөлтэй анх ирсэн. Гэтэл одоо 10 гаруй жил манай төвд амьдарч байна.

Зарим ээж, аавууд хүүхдийн мөнгөний сургаар хүүхдээ авах гээд хүрээд ирдэг. Гэвч хүүхэдтэйгээ хамт амьдарч чадахгүй буцаадаг.

Түүнээс гадна ухаан орсноосоо хойш огт эцэг, эхээ хараагүй хүүхдүүдийн хувьд нэг хүнээр овоглогдоод яваад байдаг. Гэвч бүтэн өнчин хүүхдүүдтэй адил халамжаа авч чаддаггүй. Үнэхээр хүүхдээ өөр дээрээ авч чадахгүй, өсгөж чадахгүй бол тухайн эцэг эхийн эрхийг нь хязгаарлах бус бүрэн гүйцэд хасаад тухайн хүүхдэд халамжаа бүрэн авах эрхийг нь олгох хэрэгтэй.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл, "Өчигдөр маш залуухан ээж 2 хүүхдээ манай төвд үлдээгээд огт олдохгүй байсан ч өчигдөр хүрээд ирсэн л дээ. Гэтэл гурван сартай, нялх хүүхэдтэй болоод гараад ирсэн. Тухайн ээжээс хоёр хүүхдээ яах вэ гээд асуухад, "Би орон гэргүй. Намайг өөрийн гэсэн орон гэргүй гээд хүүхдүүдийг маань өгөхгүй байгаа. Одоо би нийтийн байранд нэг хүнтэй хамтран амьдарч байгаад саяхан хүүхэдтэй болсон" гэж ярьсан.

Мөн хүүхдээ асрамжийн газарт орхичихоод гурван өрөө байртай болчихоод ирж авдаггүй эцэг, эх ч байдаг.

-Зарим эцэг эхчүүд асрамжийн газарт хүүхдүүдээ үлдээчихээд ор сураггүй болчихдог талаар өмнө нь дурьдаж байсан шүү дээ. Энэ тал дээр?

-Бид байнга цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулдаг. Зарим ээж, аавыг нь олно. Гэвч үнэхээр архины хамаарлаасаа салаагүй хүмүүс байна. Бүр амьдралын боломжтой хэрнэ хүүхдээ авахгүй гэдэг зүйлийг ярьдаг ч хүмүүс байна.

-Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх саналыг хэлэлцүүлсэн. Энэ өөрчлөлт өмнөх хуулиас хэр өөрчлөгдөж байна гэж харж байна?

-Нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Эрүүлжүүлэх, сургалтад хамруулах, орлоготой болгох зэрэг ажлыг хиймээр байна. Орлогогүй бол тухайн хүн яаж хүүхдээ авах юм бэ. Тиймээс эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, магадгүй эрх хассан хугацаанд нь албадан хөдөлмөр эрхлүүлж, орлоготой болгох, энэ хугацаанд хүүхэдтэйгээ үргэлж холбоо хамааралтай байх зэрэг нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой.

Видео:

-Эцэг, эхийн хариуцлагын асуудал хамгийн түрүүнд яригдаж байна. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд асрамжийн газруудад байна. Тэдгээр хүүхдүүд маань насанд хүрээд амьдралаа яаж авч явах вэ. Энэ талаарх эрх зүйн орчин хэр байдаг юм бэ?

-Хаягдсан хүүхдүүд их байдаг. Насанд хүрээд асрамжийн газраас гаргая гэхэд хүлээх авах газар байдаггүй. Уг нь 2018 онд одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа манай төвд ирээд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан насан туршийн асрамжийн газар баръя" гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй.Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүүхдүүд асрамжийнхаа газарт байж л байна.

-Танай төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хэд байгаа юм бол. Мөн насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн хэд байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэвэл нийт 23 хүүхэд байгаа. 20 настай хоёр хүүхэд байгаа.

-Хууль боловсруулж байгаа мэргэжлийн байгууллагууд яг тухайн нөхцөл байдал дээр очиж, танилцан түүнд тохирсон хуулийг боловсруулж чадаж байна гэж та харж байна уу?

-Үнэхээр хөрсөн дээр буусан шийдвэр гардаг байсан бол өнөөдөр ийм нөхцөлд байдалд хүрэхгүй. Мөн гаргасан шийдвэрийнхээ араас эргэж явдаг баймаар байна. Хуулийн хэрэгжилтийг хангуулдаг эрх бүхий бүх байгууллагуудын ажлыг хийлгэх хэрэгтэй байна.

-Хүүхэд үрчлэлтийн талаар хэсэг ярилцъя?

-Бага насны хүүхдүүд их ирдэг. Гэвч аль нэг асран хамгаалагч нь байж байдаг. Гэтэл хүмүүс хүүхэд үрчилж авахдаа бага насны хүүхэд үрчлэх сонирхол их байдаг. Гэтэл эцэг эхчүүд нь хүүхдээ өгдөггүй. Бас авдаггүй.

Түүнээс гадна нэг гэрийн эгч дүү, ах дүү нар байдаг. Тэдгээр хүүхдүүдийг салгана гэдэг бол маш хэцүү. Ах, эгч нар нь "Би дүүгээ том болоод өөрөө өсгөнө" гэдэг. Энэ бол бидний хувьд шийдвэрлэхэд маш хүнд асуудал байдаг.

-Асрамжийн газарт байгаа хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байдаг вэ?

-Мэдээж эцэг, эхээсээ хол байгаа хүүхдүүдийн сэтгэлзүй яаж сайхан байхав. Энэ бол хариулахад маш хүнд ауулт.

-Ярилцсанд баярлалаа.

З.МЭНДСАЙХАН: ЭНЭ ЖИЛ УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ, ХҮНСНИЙ НОГООНЫ 70 ХУВИЙГ ДОТООДООСОО ХАНГАХ УРЬДЧИЛСАН БАЛАНС ГАРЛАА
З.МЭНДСАЙХАН: ЭНЭ ЖИЛ УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ, ХҮНСНИЙ НОГООНЫ 70 ХУВИЙГ ДОТООДООСОО ХАНГАХ УРЬДЧИЛСАН БАЛАНС ГАРЛАА
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.