Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН ХАГАРСАН ДӨРӨВ ХОНОГ: Я.Содбаатар генсек болох нь талаар болж, Д.Амарбаясгалан хамгийн их ХОЖИВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 4 секунд
UBN.MN

Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаана гэгчээр Бага хурлаа “тараах” гэж байгаад засгаа тараах дээрээ тулав. Жагсаалыг органик байсан уу, зохион байгуулалттай байсан уу гэдгийн хариултыг олон нийт одоо л нэг бодох сөхөөтэй болж байх шиг. Өнгөрсөн өдрүүдэд талбай тойрсон хүмүүс дунд жинхэнээсээ бухимдсан иргэд ихэнх хувь нь. Тэднийг санаатай чиглүүлж зохион байгуулах гэсэн нь үлдсэн хувь нь байлаа. Харин жагсаал чиглүүлэгчийн төлөөх өрсөлдөөн өдрөөс өдөрт үзүүштэй, ширүүхэн өрнөж байлаа.

Товчхондоо, жагсаалын цаанаа тэр чигтээ Монгол Ардын намын улс төр буцалж байна. Том агуулгаараа нүүрсчид ба нүүрсээр нь дамжуулж тэднийг байранд нь тавих гэсэн нөхдүүдийн сөргөлдөөн. Үүнээс улбаалж генсекийн төлөөх зодоон өрнөв. Гэхдээ үндсэн “зодоончдоор” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар тулж, Л.Оюун-Эрдэнэ хамжин зодоончоор татагдан орж, Г.Занданшатар ялж байгаа талд нь орохоор дунд нь ажиглан сууна.

Нэг, ЖАГСААЛ генсекийг өөрчлөх Бага хурлыг хойшлуулав

12 дугаар сарын 6-ны өглөө хуралдах байсан МАН-ын Бага хурлаар хэлэлцэх гол асуудал нь генсекийн томилгоо байв. Намрын эхэнд дүрмээ өөрчлөөд Д.Амарбаясгалангаа үлдээнэ гэж Ерөнхий сайд тохирсон байсан. Энэ тохироо Ерөнхийлөгчид таалагдаагүй тул генсекийн томилгоонд оролцож, Я.Содбаатарыг Д.Амарбаясгалангийн оронд тавихаар зүтгүүлсэн. Буланд шахуулсан Ерөнхий сайд арга буюу тохироог зөвшөөрсөн гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ Засгийн газрын “хүзүү, толгой” хоёр үүнийг хүссэнгүй. Ялангуяа өнгөрсөн хугацаанд намыг хоёр удаа парламентад хэт олонхоор засаглахад бүх хар ажлыг зуурсан Д.Амарбаясгалан үүнийг үнэхээр огт хүссэнгүй. Аргагүй биз. МАН-ын генсекийн хүчийг ЗГХЭГ-ын даргын хүчтэй харьцуулахад тэнгэр газар шиг хол зөрнө.

Хоёр дахь өдрийн жагсаал “тэсэрч” золтой л хяналтаас гарчихсангүй. ҮАБЗ “Их тэнгэрт” хуралдаж, удалгүй УИХ-ыг хуралдуулав. Үүний өмнө намыг удирдаж буй дарга нар Бага хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад амжив. Я.Содбаатарт намыг углуургаар нь өгч, цагаан ордондоо нөлөөгөө бэхжүүлэх гэсэн Ерөнхийлөгчийн институтын нүүдэл үндсэндээ бүтэлгүйтэв. Улс төр нь хад мөргөсөн Ерөнхийлөгч жагсаалаар далимдуулж Засгийн газар, УИХ-ыг эргүүлэн буланд шахаж, “Онц байдал зарлах”-ыг тууштай шахсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хэрвээ нэг дэх өдрийн орой Онц байдал зарласан бол Л.Оюун-Эрдэнийн ЗГ маргааш өглөө нь огцрох хувь заяатайгаа нүүр тулах нь ойлгомжтой байсан. Онц байдлыг хэлэлцэж буй чуулгантай зэрэгцэж шахуу гадаах нөхцөл байдал тайван болж жагсаалыг тараах арга хэмжээг авч, дөнгөснөөр УИХ харин Онц байдлыг дэмжсэнгүй.

ХОЁР, УИХ болон ЗГ-ыг тараах Ерөнхийлөгчийн дарамтад барьсан Ерөнхий сайдын ТОГТОЛЦООГ өөрчлөх хариу

Үйл явдал хүссэн өнцгөөр нь эргээгүйд бухимдсан Ерөнхийлөгчийн институтээс маргааш өглөө нь “ЗГ, УИХ-ыг тараах санаачилгыг Ерөнхийлөгч гаргалаа” гэдэг бор шувууг хэвлэлээр нисгэж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрыг дахин буланд шахав. Нэгэнт толхилцоон ил цагаандаа гарсан тул Ерөнхий сайд УЗ-ийн хурлын дараагаар хэвлэлийн хурал зарлан Ерөнхийлөгчийн институтын бор шувууг няцааж, тогтолцооны өөрчлөлтийг ярьж У.Хүрэлсүх ахдаа хариуг нь барив.

Яг энэ үед гадаа “нүүрсний хулгайг зарлах” ЗГ-ын бодлоготой уялдсан агуулгатай жагсаал “УИХ, ЗГ-ыг тараах” болон суурин дээрээ 180 градус өөрчлөгдсөн. Бухимдсан нийгэм ч үүнийг дуртайяа өлгөн авч нүүр нүдгүй сэвэв. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ, ЗГ-ыг тараах яриа гаргасан нь генсекийн суудлыг нь өгөхгүй гэсэн ажиллагаа зохион байгуулсанд барьж буй хариу. Харин тогтолцоог оноос өмнө шуурхайлан өөрчлөх ЗГ-ын тэргүүний бодлого нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, улс төрийн тавцанд мануухай болгоно гэсэн сөрөг хариу гэж харж болохоор байна.

Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа бүлгийн хурал дээр Ерөнхийлөгчийн “квот”-ын гишүүд тогтолцоо буюу ҮХНӨ-ийг эсэргүүцэх маягтай дүр зураг үзүүлж, Ерөнхийлөгчийнхөө талд зогсов. Гэвч яг одоо намыг удирдаж буй дарга нар нь зүтгүүлсэн тул 12 сардаа багтааж УИХ-д өргөн барина гэсэн таг бөөрөнхий шийдвэр гаргасан юм.

ГУРАВ, Я.Содбаатарын генсек болох мөрөөдөл НОХОЙН ЗАМААР орлоо

Яг өнөөдрийн нөхцөл байдалд Ерөнхийлөгчийн тал арай илүү хохирол амсаж байна. Тэд нэгдүгээрт, Д.Амарбаясгалан болон Л.Оюун-Эрдэнэ хоёрыг ил тодоор өөрсдийнхөө эсрэг босгож орхилоо. Хоёрдугаарт, Я.Содбаатарт генсекийн суудлыг авч өгөх зорилгоо шороотой хутгуулж орхив. МАН дотор үүссэн өнөөдрийн энэ нөхцөл байдлын дараа Я.Содбаатар генсек болно гэдэг бараг л үлгэр. Нэгэнт цагаандаа гарч зодолдсон хойно Д.Амарбаясгалан одоо үхэж байсан ч Бага хурлын гишүүдийн дэмжлэгийг Я.Содбаатар руу эргүүлэхгүй. Учир нь одоогийн Бага хурлын гишүүдийн 50 хувийг дангаараа Д.Амарбаясгаланг хангалттай барьж байгаа. Үлдсэн 20 орчим хувийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баздаг. Харин Сү.Батболд, М.Энхболд болон Ж.Мөнхбатыг дагаж улс төрд явдаг Архангайн голдуу хүмүүс нийлээд 30 орчим хувийг л бүрдүүлдэг. Бага хурлын бүтэц ийм байхад Ерөнхийлөгчийн институт “дүрмийн” дагуу генсекийн суудлыг авна гэж байхгүй. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр төлөөний хүнээ тавих, эсвэл Д.Амарбаясгалангаа үлдээх замыг сонгох буй за.

ДӨРӨВ, Өнгөрсөн 4 хоногт Д.Амарбаясгалан хамгийн ихээр ХОЖИВ

Хэдэн жилийн өмнө 32, 33 болтлоо хагарч байсан МАН дахиад ил далдаар хоёр талд гарлаа. Чухам хэрэг явдал хэний ялалтаар дуусах вэ. Саяын үйл явцын дараа хамгийн их хохирсон нь Я.Содбаатар, У.Хүрэлсүх. Хамгийн их хожсон нь мэдээж Д.Амарбаясгалан.

Тэгвэл нөхцөл байдал одоо хаашаа эргэх вэ. Мэдээж нэн түрүүнд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын хувь заяа яригдана. Өнөөдөр биш ч маргааш эсвэл хэдхэн сарын дараа. Одоогийн ЗГ-ыг огцруулах үндсэн шаардлага нь “нүүрсний хэргийг замруулах”. Яг л ЖДҮ шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар тэргүүтэй нөхдүүдэд УИХ дотор байгаа “нүүрсчин” бус гишүүдийнхээ хүчийг ашиглаж нэн түрүүнд Засгийн газраа тогтоох. Хоёрдугаарт, ҮХНӨ-ийг нэн яаралтай явуулж одоогийн эрх мэдлээ, улсын ирээдүйг ч хамгаалах гэсэн хоёр чухал даалгавар ирэв.

Харин “нүүрсчдийн” хүч үүнийг хэрхэх юм бол доо. Ерөнхий сайдын хувьд дээшээ харсан ч “нүүрсчин”, доошоо харсан ч “нүүрсчин”, хажуу тийшээ харсан ч “нүүрсчин”, эргэн тойрноо бүхэлд нь харсан ч “нүүрсчид”-ээр хүрээлүүлсэн байдалтай л байна.

Г.Лхагвадорж

ҮББХ: Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болголоо
ҮББХ: Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болголоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.