УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-АН-ын ҮБХ ирэх сард хуралдаж, намын их хурлаа зарлах ёстой. Цаашлаад намын их хурлаас Ардчилсан намын хууль ёсны дарга сонгогдоно гэсэн хүлээлт бий. Бүлэг ямар оролцоотой асуудалд хандах вэ?
-УИХ дахь АН-ын бүлэг уриалга гаргалаа. Тодруулбал, манай бүлгийн үйл ажиллагаа гишүүд болоод дэмжигчдэд бүрэн нээлттэй байх болно. Бүлгийн гишүүд намын талцал, хуваагдлын асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж оролцохыг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, бүлгийн гишүүдийн сонголт, үзэл бодлыг хүндэтгэж, хүн ярьж ялгаварладаггүй байх зарчмыг баримталж ажиллана. Тиймээс бүлэг цаашид эв нэгдлийг эрхэмлэсэн гишүүдээ дэмжиж ажиллахаа мэдэгдэж байгаа.
-Танай бүлэг өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргээ биелүүлж ажиллаж чадсангүй гэж гаднаас ч, нам дотроос ч шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. Ялангуяа намын нэгдэл дээр хамгийн их дуугарч, түүчээлж ажиллах ёстой хүмүүс бол бүлгийн гишүүд. Та болоод бүлгийн бусад гишүүд ажлаа юу гэж дүгнэх вэ?
-Та бүхэн анзаарсан л байх. Бид бүлгийн хурал дээр нэг талд нь орж ажиллаагүй. Өмнө нь Д.Ганбат гишүүн бүлгийн дарга байхад хэт нэг тал руу ажилладаг байсан учраас гишүүдэд таалагдаагүй гэж би үзэж байгаа. Тиймээс манай бүлэг намын талцлын аль нэг талд оролцоогүй учраас нэг тал болж нэгтгэх асуудалд онцгойлон анхаарч ирсэн. Шаардлагатай бол талцаж байгаа талууд бүгдээрээ бүлэг дээр ирээд асуудлаа ярилцаж болно шүү дээ. Тэрнээс биш хэн нэгэнд нь бид давамгай байдал олгоод аль нэг талд нь ажиллахгүй байх л ёстой. Шаардлагатай бол дараагийн бүлгийн хурал дээр талууд бүгд ирээд мэдээллээ хийх хэрэгтэй. Энэ бол нээлттэй гэдгийг хэлье.
АН 2024 оны сонгуульд илүү амжилт гаргаж, оролцоно. Том боломж байгаа
-Таны даргалж байгаа бүлэг хууль ёсных байж чадах уу. Намын даргын асуудал Дээд шүүх дээр очоод босго давалгүй бүдэрдэг. Өөрийг тань хүртэл ҮХНӨ-өөр бүлгийн даргын суудлыг эрх баригч намтай наймаалцаж авсан гэж намын нэг тал тайлбарлаж байна?
-УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахаас өмнө би бүлгийн дарга болчихсон байсан. АН-ын бүлэг өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж ирсэн гэж хэлмээр байна. Харин манай намын хувьд бол хууль ёсны удирдлага одоог хэр нь байхгүй. Үүнийг сүүлийн 3 жилийн хугацаанд УДШ-ээс ирүүлсэн шаардлагаас харж болно. Ер нь АН удирдлагын маргаантай байгаа болохоос биш нэг л нам байгаа.
-АН-ын дэргэдэх Монголын Ардчилсан залуучуудын холбоо бүлгийн “ах нар” ажлаа хийж чадахгүй, эрх баригч намын өөдөөс сөрж дуугарч чаддаггүй гэж ярьдаг. Намынхаа залуучуудад хэзээ хүлээн зөвшөөрөгдөх вэ. Хатуухан хэлэхэд залуучууддаа хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд намд ч бүлэгт ч байхгүй байгаа юм биш үү?
-Асуудлыг дүгнэх эрх бүх хүнд л байгаа. АН-аар овоглож байгаа бүх байгууллагууд сайн ажиллаж байгаа гэж үнэхээр хэлэхэд хүнд. Өнгөрсөн хугацаанд болсон зөрчил, тэмцлүүд маш их бий. Нам өөрөө нэгдсэн удирдлагагүй болчихоор бүхий л салбар нэгж дээр сөргөөр нөлөөлж ирсэн. Харин бүлгийн хувьд бол аль болох үйл ажиллагаагаа нэгтгэж, зохион байгуулаад ажиллахыг хичээж байна.
-Намын ҮБХ хуралдах болж, намын даргын асуудал яригдаж эхэлмэгц бүлгээс эв найрамдлын уриалга гаргаж байгаа нь талуудад таалагдахгүй байх шиг байна. Бүлэг асуудалд төвийг сахиж эртнээс хаяагаа манаж байна гэдэг шүүмжлэлийг ч дагууллаа. Гишүүдийн олонхын шийдвэрийг дагана гэсэн байр суурьтай байгаа юу?
-Бид бодит үйл ажиллагаагаараа аль нэг талд оролгүй л ажиллаж ирсэн шүү дээ. Ер нь хүн ярихаар л асуудал өндрийг авчихдаг. Эхлээд зарчмаа тохирох ёстой л гэж бодож байна. Ер нь олонхын шийдвэрийг дагах нь Ардчиллын л зарчим.
-2024 оны сонгуулиас өмнө АН дотоод асуудлаа шийдэж сонгуульт ажилдаа амжиж орж чадах уу. Нэгдлийн асуудалд ах нарыгаа хараад суух биш бүлэг өөрөө санаачилгатайгаар асуудалд хандаж чиглүүлэх ёстой юм биш үү гэдэг дээр та юу гэж хариулах вэ?
-Мэдээж бид намаа нэгтгэхийн тулд гишүүдээ оролцуулж ажиллана. Бүлгийн гишүүдийн хувьд өөрсдийгөө дүгнэх нь зохимжгүй учраас бусад гишүүд дэмжигчид л дүгнэлтээ хэлэх байх. Ямартай ч Ардчилсан нам даргын асуудлаа шийднэ. Сонгуульдаа орно. Тэр тусмаа 2024 оны сонгуульд Ардчилсан нам илүү амжилт гаргаж, оролцох байх гэж найдаж байгаа. Эс бөгөөс улс орны нөхцөл байдал улам хүндэрнэ. Зүүний чиглэлийн амь аргацаадаг МАН 8 жил төрийн эрхийг барьсан ч цаашид боломжгүй гэдэг нь харагдаж байна. Мөрийн хөтөлбөрийн биелэлт огт харагдсангүй. Монголын ард түмэн 2024 онд өөр улс төрийг хүлээж байгаа учраас АН-д том боломж бий гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.