УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Хайгуулын ажил иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулдаг байдалд хариулт өгөх нь зөв. Нэгдүгээрт, иргэдийн эсэргүүцэж буй зүйл бол орон нутагт байгаль баялгийг ашиглаж байгаа ч эргээд ямар ч үр өгөөжгүй байгаа нь бухимдлыг төрүүлж буй юм. Хоёрдугаарт, иргэдэд мэдээлэл өгөхгүй байна. Мэдээллийг өгөхгүй байгаа учраас гэнэтхэн ухаад эхлэхээр хүмүүс санаа зовинож байгаа асуудал. Гуравдугаарт, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нөхөн сэргээлт хийхгүй байна. Энэ байдлаас шалтгаалан иргэд бухимдаж буй юм. Энэ чиглэлд манай яам богино хугацаанд хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, УУХҮЯ-ны таван төлөөлөгч орон нутагт ажиллаж иргэдэд хайгуулын чиглэлд зөв мэдээллийг өгнө. Орон нутагт төвлөрүүлж буй хөрөнгийг ил болгох ёстой.
Мөн газар нутгийнх нь 15 хувиас дээш тусгай зөвшөөрөлтэй болчихсон сумдад нэмж зөвшөөрөл олгохгүй гэх байр суурь дээр байгаа. 200 кл-ээс доош алтны ордод зөвшөөрөл өгөхгүй, үйл ажиллагааг нь зогсооно. Өөрөөр хэлбэл, бага хэмжээний ордуудыг ашиглах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй" гэв.