Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Үндсэн хуульд нийцүүлэн тодорхойлж, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч болох УИХ, Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх хэмжээг шинэчилж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, харилцан уялдааг хангахад анхаарсан байна.
Түүнчлэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн өмчийн газрын чиг үүргийг тодруулж, өмчийг удирдах ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүртгэл, тооллогыг зохион байгуулах, төрийн хяналтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ангиллыг шинэчилж, хөрөнгийн эрхийг нийтлэг болон онцлог байдлаар тогтоохоос гадна төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, үнэлж бүртгэх, тоолох, эзэмшиж ашиглах, бусдын өмчлөлд шилжүүлэх, акталж данснаас хасах зэрэг хөрөнгийн харилцааны журмыг шинэчилсэн байна.
Өмчийн хяналт шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор хяналтын журмыг нарийвчилж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны шинэчлэлд нийцүүлэх, нэр томьёог жигдлэх зорилгоор холбогдох 30 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 1996 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус тус дагалдуулан боловсруулсан байна.