Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар нар орон нутгийн хатуу хучилттай зурвастай нисэх буудлуудад шаардлагатай техникийг хүлээлгэн өглөө.
Тухайлбал Өмнөговь аймгийн Гурвансайхан, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Доной, Дорнод аймгийн Чойбалсан зэрэг нисэх буудалд аэродром арчлалт, цэвэрлэгээний МАЗ-490843 маркийн тус бүр нэг автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү техник нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх аж.
Дээрх аймгууд руу дотоодын агаарын тээвэрлэгч Хүннү эйр, Аэро Монголиа зэрэг авиа компаниуд нислэг гүйцэтгэж, 2019 оны байдлаар Говь-Алтай аймаг руу тээвэрлэсэн зорчигчдын тоо 60 хувь, Өмнөговь аймаг руу тээвэрлэсэн зорчигчдын тоо 311 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, энэ хүрээнд бүтээн байгуулалтын олон ажлыг хэрэгжүүлэв. Тухайлбал өнгөрөгч 2019 онд Завхан аймгийн Доной нисэх буудлын хөөрч, буух хатуу хучилттай зурвас, явгалах зам бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад оруулсан бол Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын явгалах замыг өргөтгөсөн билээ. Эдгээр бүтээн байгуулалт нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлогод дэмжлэг болох чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Зам тээвэр хөгжлийн яам