Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын язгуур урлагийг дэлхийд таниулах мөрөөдөлтэй Стив Морел

Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 53 секунд

 Стив Морел "Морин хуур тоглохдоо зүрх сэтгэл минь тал шиг уудам, тэнгэр шиг өндөр болдог" 

Стив Морел анх 2014 онд морин хуурын судалгаа хийж, тоглож сурах зорилгоор Монголд ирснээсээ хойш ганц л удаа нутаг буцжээ.

Хэдий алс холын Франц улсад эцэг эх, гэр бүл нь байдаг ч, өөрийн зүрх сэтгэлээ даган Монгол оронд үлдэж, энд насан туршийн визтэй болохыг хүссэн тэрээр өдгөө “Морин хууранд шингэмүй” нэвтрүүлгийг санаачлан, бүтээж эхний 3 дугаарыг үзэгчдэд хүргээд байгаа юм.


-Сайн байна уу? “Морин хууранд шингэмүй” нэвтрүүлгийг анх хэзээ, яагаад санаачилсан бэ?

-Сайн байна уу? та. Юуны өмнө намайг нэвтрүүлгийнхээ тухай ярих боломж олгосонд баярлалаа. "Морин Хууранд Шингэмүй" нэвтрүүлгийн маань анхны дугаар 2016 оны 8 сарын 21-нд гарч байсан. Тухайн үед миний морин хуурын талаарх мэдлэг, ойлголт одоогийнх шиг байгаагүй. Гэсэн ч надаас харь газарт амьдардаг олон хүн морин хуурын тухай асуудаг байсан учраас би өөрийн мэддэг зүйлсээ хуваалцахыг хүсэн, нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Гэхдээ тэр үед ийм нэртэй байгаагүй, зүгээр л сурсан зүйлээ энгийнээр хуваалцаж байсан.

Харин одоо бол миний судалгаа арай өөр түвшинд хүрсэн бас илүү уламжлалт, уугуул хэв маягтай болсон. Одоогоор Монголын язгуур урлагийн талаарх мэдээлэл Европ, Америкт хомс, харин түүнийг сонирхох хүн олон байгаа тул би өөрийн сурч, судалж байгаа гайхамшигтай зүйлсээ хуваалцах үүднээс нэвтрүүлгээ хийж байна. 

-Уг нэвтрүүлгийн гол зорилго нь юу вэ? Нэвтрүүлгээ танилцуулбал?

-Гол зорилго бол би бага ястаны эрдэнэ буюу өв соёлыг дэлхийд түгээмээр байна. Би бий, татлага болон уртын дууг бүх дэлхийд таниулах хэрэгтэй гэж бодож, мэдэрч байгаа. Миний хувьд энэ соёл урлагийг манай дэлхий сайн дэмжиж бас аварч чадна гэж итгэдэг. Өнөө үед дэлхийн байдал хүнд байна. Хүмүүсийн сэтгэл санаа ч доор байх шиг.

Харин энэ Монголын уугуул урлаг эерэг энергитэй, өндөр ухамсар бүхий утга санаатай гээд сайн сайхан талууд нь үнэхээр дуусч, дундаршгүй. 

Би бас энэ олон сайхан аялгууг тайлбарламаар байна. Учир нь уртын дуу бол үнэхээр сайхан аялгуутайн дээр маш гүнзгий утга агуулгатай байдаг. Яг амьдралын зөвлөгөө юм шиг. Тиймээс гадаад хүмүүс энэ талаар бүрэн ойлголттой болоосой гэж би хүсэж байгаа.

Морин хуурын хувьд ч яг адилхан. Хээ, нумын хөдөлгөөн, аялгуу гээд жижигхэн хэсэг бүр нь онцлог утгатай бас байгаль, ан амьтдыг ид шидээр илэрхийлдэг. Тэр бүх жижиг деталь, түүний цаана нуугдах нууц бүгдийг тайлж, тайлбарлахыг хүсэж байна. Яагаад гэвэл энэ үнэхээр мартаж болохгүй зүйл шүү!

Гадагшаа таниулж сурталчилахаас гадна өөр нэг зорилго нь энэ уугуул соёлыг хэвээр нь хадгалан үлдээхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Учир нь язгуур урлагийг баримтжуулан авсан бичлэг гэх мэт зүйлс маш ховор байдаг. 

Стив Морел 2019 онд язгуур морин хуур заах "Уугуул" сургалтын төв байгуулж, багшилж байжээ. Харин энэ онд тус төвийг зарсан гэх үндэслэлээр Стивийг гарахыг шаардсан тул тэрээр одоо гэрийнхээ зочны өрөөнд студи байгуулан, нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. 


-Сонирхож, дурлаж болох олон сайхан хөгжим дэлхий дээр бий. Гэтэл таны хувьд яагаад морин хуур хөгжимд ингэтлээ дурлав?

-Би энийг ёстой тайлбарлаж чадахгүй. Үнэндээ би дэлхийн маш олон улсын язгуур хөгжим сонсож байсан. Харин морин хуурын аялгууг сонсоод шууд л түүнд автсан. Надад өөр сонголт байгаагүй. Би жинхнээсээ хайрласан. (инээв) Харин одоо морин хуургүйгээр амьдралаа огт төсөөлж чаддаггүй шүү.

Морин хуур тоглохдоо, уртын дуучин дагахдаа, бийлээчид тоглож өгөхдөө зүрх сэтгэл минь тал нутаг шиг уудам, тэнгэр шиг асар өндөр болдог. 

Би одоо 33 настай. Гэвч энэ амьдралдаа сэтгэлийг минь ингэж хөдөлгөх, өндөрт өргөх өөр юутай ч таарч байгаагүй. Энэ бол мэдээж миний сэтгэл бас миний мэдрэмж. Харин хүн бүр өөр. Зарим нь хийл хөгжимд, зарим нь зураг зурахад, зарим нь хоол хийхэд дурлана. Харин миний хувьд бол морин хуурт дурласан юм.

-Нэвтрүүлэгтээ монгол морин хуурчидтай хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан. Хамтрах хүнээ олсон уу? Таныг санал тавихад ер нь монголчууд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Энэ бол эмзэг асуулт хө. Анх 4 жилийн өмнө эхэлж байхдаа маш их урам зоригтойгоор эхэлж, олон ч урлагийн хүмүүстэй холбогдохыг хичээсэн. Гэхдээ тэд ер нь намайг тоогоогүй. Тиймээс хамтрах боломж гараагүй. Одоо бол миний чадвар түвшин арай өөр болсон байх тиймээс сайхан хамтрах боломж гарна гэж би итгэж байна. Одоогоор тогтмол хамтрах өв тээгч эсвэл уртын дуучин гэх мэт надад байхгүй.

Гэхдээ миний мөрөөдөл мөнх цас шиг үлдэнэ. Би язгуур хүмүүстэй хамтрамаар байна. Өдөр бүр бийлээчдээ морин хуураа тоглож өгмөөр, уртын дуучинтай дуу нийлмээр байна. Нэг нартай өдөр бүтээнээ. (инээв) 

"Into the Morin Khuur" буюу "Морин хууранд шингэмүй" нэвтрүүлэг нь Монгол, Англи, Франц хэлний хадмал орчуулагтайгаар Youtube сувагт нийтлэгдэж байгаа аж. Одоогоор удиртгал хэсэг болон үндсэн 2 дугаар нь цацагдаад байна. Та дараах холбоосоор нэвтрүүлгийн бүх дугаарыг үзэх боломжтой- https://stevemorel.info/sharing/morin-huur/


"Морин хуурын зарим ая салхи шиг бараг л арьсанд мэдрэгддэг" 

-Та морин хуурын гүн ухаанд нэвтрэхийн тулд монгол уламжлал, ёс заншлыг судалж, биелгээ хийж сурч байгаа гэсэн. Биелгээ болон морин хуур хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?

-Мэдээж бий, морин хуур хоёр салшгүй холбоотой. Бийн хөдөлгөөн ба морин хуурын аялгуу хоёр яг л нэг сайхан хос шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, асуулт хариулт хоёр шиг байж, энергиэ хуваалцдаг. Хамгийн сонирхолтой нь бийлээч хуурчаас энерги аваад, хуурч бийлээчээс урам хүч авч байгаа мэт мэдрэгддэг.

Гэхдээ бийн хувьд зөвхөн морин хууртай хосолдоггүй. Товшууртай бий, цууртай бий, шударгатай бий бас байдаг.

-Морин хуур хөгжим тоглох нь морь унахтай ижил сэтгэгдэл төрүүлдэг үү?

-Мэдээж, гэхдээ морин хуур зөвхөн морьтой холбоотой биш. Энэ бол жинхэнэ гайхамшиг. Жишээ нь,

Зарим аялгуу яг үнээ саах шиг мэдрэмж төрүүлдэг бол зарим нь салхи шиг бараг л арьсанд мэдрэгддэг. Харин таталгуудын хувьд зарим нь тэмээний уй гуниг, морьны зан чанар, голын урсгал, амьтдын харилцаа, сүү өргөх зэргийг илэрхийлдэг. Тиймээс морин хуурыг ганц морьтой холбоотой гэж ойлгож болохгүй гэж би үзэж байна.

Морин хуур хөгжимд эсгий туургатны хамаг өв соёл, уламжлал, урлаг тэр чигтээ агуулагддаг. 

“Хорвоогийн хамаг явдлыг

Хоёрхон чавхдсаар ярьдаг

Хосгүй нэгэн овог

Азийн цээжинд нутагтай" гэдэг биз дээ.

-Таны хувьд Монголын язгуур урлагийг дэлхийд таниулах хүсэлтэй гэлээ. Өөрийн тань бодлоор язгуур морин хуурын эгшиг орчин үеийн холимог морин хуурын аяас юугаараа онцлог бас давуу вэ?

-Яг үнэндээ энэ асуултад дэлгэрэнгүй хариулмааргүй. Товчхондоо бол морин хуурыг орчин үеийн зүйлстэй холих нь миний хувьд сүүн дээр ус хийх мэт...

-Та олон аймгаар явж, олон хүнтэй уулзаж морин хуурыг судалсан гэсэн. Морин хуурын аялгуу болон биелгээ нь хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Энэ үнэхээр сонирхолтой. Миний хувьд бол

Бий нь биеийн эрүүл мэндийн Монгол арга.
Уртын дуу нь оюун санааны эрүүл мэндийн арга.
Морин хуур нь байгаль буюу лус савдагийн эрүүл мэндийн арга юм.

-Язгуур урлагийн морин хуурыг гадаадын иргэдэд таниулан, сурталчлах тал дээр нэвтрүүлгээс гадна өөр ямар ажлууд хийж байгаа вэ?

-Нэвтрүүлгээс гадна гэвэл DISCORD гэдэг аппликейшн дээр нэг сервер нээсэн. Энэхүү серверийг аль болох үр дүнтэй байлгаж, уугуул монгол урлаг соёлын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хэн бүхэнд мэдлэг, мэдээллийн гайхалтай эх үүсвэр нь болж өгөөсэй би хүсэж байна. Бас үүнд илүү олон монгол эрдэмтэд, өв тээгчид нэгдээсэй. Сервер маань тавдугаар сарын 1-нд буюу нээгдээд удаагүй байгаа учраас яваандаа бага багаар томорно гэдэгт итгэж байна.

"Уртын дууны аялгуу уудам учраас хүнийг бясалгалын байдалд оруулах чадалтай"

-Таны хувьд бий, морин хуураас гадна уртын дууны шүлгэнд нуугдаж буй гүн утга санааг нээн илрүүлэх судалгаа хийж байгаа гэж сонссон. Энэ явцад Монголын уртын дуунууд хэр гүн гүнзгий утгатай санагдсан бэ?

-Уртын дуу бол далай мэт гүнзгий. Би энэ урлагт үнэхээр хайртай. Мэдрэмжийн хувьд маш гүнзгий ба шууд сүнстэй холбогддог. Энэ бол жинхэнэ бодит ид шид. Миний хувьд энэ бол аялгуу, эгшигийн хувьд үнэхээр уудам төдийгүй шүлэг үг нь амьдралын маш том зөвлөгөө байдаг. Би амьдралдаа уртын дууны үгнээс суралцсан зарчмуудаа баримтлахыг хичээдэг. Учир нь уртын дууны үгэнд амьдралын гүн ухаан болон аз жаргалтай байхын нууц тэр чигтээ агуулагддаг гэж бид боддог.

-Жишээ нь, ямар уртын дууны үгнээс хамгийн их ухаарал авч, амьдралдаа мөрдөх зарчмаа болгосон бэ?

-Энэ талаар ярьвал бүтэн нэг лекц болно хө (инээв). Нэгийг онцлон хэлбэл, “Цомбон туурайтай хүрэн” уртын дуунд:

Оонын хоёр эврийг

Ороож зангидаж болохгүй

Орчлон хорвоогийн ёсыг

Огоорч мартаж болохгүй гэдэг.

Энэ бол надад үнэхээр сайхан зарчим ба амьдралын зөвлөгөө юм.

-Уртын дуу хүний оюун санаанд хэрхэн нөлөөлдөг бол, мөн таны хувьд уртын дуу сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?

-Уртын дуу бол хүмүүсийн сэтгэл санаа, хийморь ба орчины энергид шууд нөлөөлж чаддаг. Энэ бол туультай адил хүчтэй. Энергийг үнэхээр өндөр болгодог. Уртын дууны аялгуу нь уудам учраас хүнийг бясалгалын байдалд оруулах чадалтай.

Уртын дууны хажууд шашин бол өчүүхэн зүйл гэж би мэдэрдэг. 

Хүн бүрийн сайн мэдэх нэг жишээ бол "Үлэмжийн Чанар" дууг нэг удаа бүтэн дуулбал 108 лам шиг хүчтэй энерги ялгаруулдаг гэдэг. Тиймээс уртын дуу бол ийм л тэнгэрлэг бэлэг байна.

-Уртын дуу, магтаалын талаар ном бичиж байгаа гэсэн. Одоо аль шатандаа явж байна вэ? Номоор дамжуулан илэрхийлэх гол утга санаа нь юу вэ?

-Одоо сүүлийн шатандаа явж байна. Зөв бичгийн дүрэм болон найруулга зүйг засч байгаа. Англи хэл дээрх хувилбар бол 100 хувь бэлэн болсон. Франц хэл ч бараг л 100 хувь. Харин Монгол крилл бол 80 орчим хувьтай байна. Үүний дараагаар монгол бичгээр хөрвүүлж бичнэ. Тэгээд түүнийгээ хэвлэхийн тулд дизайн хийх хэрэгтэй. Ер нь удахгүй бодит болно гэж би найдаж байна.

Гол утга санаа бол нэвтрүүлэгтэй адил. Энэ гайхамшигтай гүн ухааныг дэлхийд түгээмээр байна, мөхөс би. 

-Эцэст нь таны энэ үйлсэд Монголын ард түмний зүгээс ямар дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэж байна вэ?

-Юун түрүүнд намайг сайхан хүлээж аваасай гэж гуйж байна. Өв тээгчтэй болон уртын дуучидтай, бийлээчтэй ойрхон болоосой. Тэднийг манай нэвтрүүлэгт ороосой гэж хэлмээр байна. Надтай хамт энэ хосгүй сайхан соёлыг дэлхийд түгээж бас хадгаалаасай гэсэн хүсэлттэй байна. 


Хийж байгаа зүйл минь Монголд албан ёсны зөвшөөрөл авбал сэтгэл минь өндөр болно. Тэгээд энд нэг насны визтэй болмоор байна. (инээв)


Ярилцсанд баярлалаа. Монголын язгуур урлагийг дэлхийд түгээх, хадгалан үлдээх их үйлсэд тань амжилт хүсье. 

Шүүхээс Ц.Элбэгдоржийг нэр бүхий 13 хүнтэй уулзахыг хориглолоо
Шүүхээс Ц.Элбэгдоржийг нэр бүхий 13 хүнтэй уулзахыг хориглолоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.