Архины хордлогоор өдөрт дунджаар нэг хүн эмчилгээнд хамрагддаг гэх судалгаа байна. Тэгвэл архины хэрэглээ ба архины хордлогын талаар Аддиктологийн төвийн Донтолтын эмч, магистр Т.Түвшинжаргалтай ярилцлаа.
-Оюутан залуусын дунд архины хэрэглээ нэмэгдэж байгаа нь олон нийтийн санаа зовинох асуудлын нэг боллоо?
-Есөн их дээд, сургуулиудын оюутнуудыг хамруулан хийсэн судалгаагаар архины хэрэглээ маш өндөр гарсан. Энэ дээр анхааруулга өгөх хэрэгтэй болсон. Хүмүүс бодохдоо тасраагүй бол тааруулан хэрэглэж байна гэдэг. Эсвэл бүр эд зүйлээ хаяагүй бол тааруулан хэрэглэсэн ч гэж ярьдаг.
Насанд хүрсэн хүмүүсийн үзүүлж буй үлгэр дууриалал нь хүүхдүүдэд "Баяр болохоор уудаг юм байна, ийм байж баяр баясгаланг мэдэрч хүртдэг юм байна" гэдэг буруу ойлголтыг өгч байна. Энэ байдал нь даамжирсаар хүүхдээ 18 нас хүртэл нь гэрт нь архи, согтууруулах ундаа хэрэглэхээс хол байлгаж болох хэдий ч оюутан болж бие даан амьдарч эхлэх үед нь хэрэглээ нь буруу болж эхэлдэг. Энэ бол маш харамсалтай үлгэр дууриалал.
-Архины шалтгаант хордлого хэр их байна вэ. Өдөрт дунджаар нэг хүн хордлогын эмчилгээнд хамрагддаг гэх судалгаа байдаг юм билээ?
-Цар тахлын үед ковидын нас баралтаас илүү архины шалтгаант нас баралтын тоо өндөр байгаа нь маш эмгэнэлтэй. Бидний хайртай хүмүүс шүү дээ. Хэн нэгний аав байгаа, бид нарын найз, сайн ажилтан гээд хүмүүс нэг өдрийн дотор олноор нас барж байна гэдэг бол манай шиг цөөн хүн амтай улсад маш том гарз хохирол. Цаана нь ид хөдөлмөрлөх насан дээрээ гэнэтийн шалтгаанаар нас байгаа нь харамсалтай. Тэр дундаа архины хордлого. Архины градус өндөр байх тусмаа бидэнд ХОРТОЙ. Даах чадвар муу аль эсвэл амархан архинд донтох өвчтэй болно. Энэ нь өндөр градустай архийг их хэмжээгээр хэрэглэдэгтэй шууд холбоотой.
Бусад улс орнуудад градус багатай пиво, сөжүг хэрэглэх соёл бий. Гэтэл манайхан 38-42 градустай архийг нэг дор хэрэглэхдээ тархи, элэг гэмтэх хэмжээнд хэрэглэдэг.
Одоо өвлийн улирал болж байна. Энэ үед хөлдөлт үүсэх аюултай. Мөн гэнэтийн байдлаар нас барах тохиолдол ч байна. Түүнчлэн бөөлжсөндөө хахах түгээмэл тохиолдол бий.
-Залуусын дунд бие биенээ архиар шахах, уруу татах хандлага түгээмэл ажиглагддаг шүү дээ?
-Ер нь түгээмэл байдаг шүү дээ. “Чи яагаад уудаггүй юм” гээд маш гайхдаг. Уудаггүй хүний гайхаад байхаас биш ууж байгаа хүнээ гайхахгүй. Эсрэг байдал үүсчихсэн. Уудаг хүмүүсийн нөлөө өндөр байгаа. Тийм учраас тухайн хүнийг шахаад дарамтад оруулж байна шүү дээ. Нөгөө талдаа уудаггүй хүмүүсийн тоо маш цөөхөн болохоор нийгэм маань дарамттай. Өгсөн бол уух ёстой ч гэдэг юм уу. Мэдээж ёс заншилтай холбоотой зүйл бий. Гэхдээ ҮГҮЙ гэж хэлж чаддаггүйтэй холбоотой байдаг.