Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Амарсайхан: Кино маань Оскарт “Амраагийн“ гэдгээр бус Монголын кино гэж овоглогдоно шүү дээ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
14 минут 0 секунд

No description available."Марко Поло", "Үргээлэг", "Бодлын хулгайч", "Mongolian Connection", "Итгэл" зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээсэн жүжигчин Б.Амарсайханыг бид "Hollywood Амараа" хэмээх "нэрээр" нь андахгүй. Уран бүтээл бүрээрээ үзэгчдэд хүлээлт үүсгэсээр ирсэн түүний хувьд энэ удаад жүжигчнээс гадна найруулагч Б.Амарсайханы хувиар шинэхэн уран бүтээлээ хүргэж эхэлсэн. “Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино бол түүний найруулагчаар ажилласан анхны бүтээл нь. Шинэхэн уран бүтээлээ нээж, үзэгч олноос магтаал шүүмжлэлийг харамгүй хүртэж буй энэ үед нь түүнтэй уулзаж, багахан яриа өрнүүлж амжив. Ийнхүү жүжигчин басхүү найруулагч Амраатай хийсэн ярилцлагаа бүрэн эхээр нь уншигч танд хүргэе.

-Шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргээд сонин сайхан ихтэй яваа байх. "Эргэж ирэхгүй намар" кинонд нь үзэгчид ч ам сайтай харагдана лээ?

-Баярлалаа. “Эргэж ирэхгүй намар” киноны тухайд, зохиолч Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн хийсэн кино. Би Түнтүүлэйгээ олох гэж хоёр, гурван жил ч хайлаа. Зохиол дээрээ ажиллах гэж нэлээн хэдэн жил болсон. Барьж авсан сэдэв маань драмын сэдэв. Дэлхий нийтийн хүн бүхний өмнө тулгарч байгаа асуудлыг хөндөн тавьсан кино байгаа. Үзэгчдээс маш өндөр сэтгэгдэл, талархлын үг сонсоод уран бүтээлчийн хувьд баяртай л байна даа.

-Киноны зохиол өөрөө хүүхдийн зохиол. Та найруулагчийн "гараагаа" их л сонирхолтой эхлүүлж байх шиг байна?

-Ер нь дийлэнх уран бүтээлчдийн дунд аль эсвэл бид нарын сургуульд сурсны ялгаа ч гэх юм уу тийм нэг зүйл байна. Энэ утгаараа кино уран бүтээлчид ихэвчлэн нийгмийн асуудлыг барьж киногоо хийдэг. Бид өөрсдөө нийгмийнхээ эрэг шураг нь учраас тэр байх л даа. Гэтэл гаднын уран бүтээлчдийн хийж байгаа кино нь хувь хүний асуудал дээр уран бүтээлийнх нь санаа төвлөрдөг.

Хувь хүнд тохиолдож буй асуудал, түүнийг хэрхэн яаж даван туулж байгаа, нийгмийн болон хувь хүний асуудал бусадтайгаа хэрхэн зөрчилдөж байна гэх мэт. Энэ зөрчил чинь л өөрөө драм шүү дээ. Би тэр талыг барьж “Эргэж ирэхгүй намар” киногоо хийсэн. Зохиолоо ч тэр.

-Анхны найруулагчаар ажилласан кино. Тэгээд бас нэмээд кинондоо гол дүр бүтээсэн. Их ажлыг зэрэг амжуулаад явахад уран бүтээлчийн хувьд их ажиллагаа шаардав уу?

-Анхандаа найруулагчаа хийгээд, дүрээ бүтээгээд, зохиолоо өөрөө бичээд явна гэдэг хүндрэлтэй юм шиг санагдаж байсан. Гэхдээ энэ түүхийг би хэн нэгэнд ярьж өгвөл ямар өнгө тооноор, ямар мэдрэмжээр хүнд илэрхийлж ярих вэ гэдгээ бодсон. Энэ киног хийхэд өөрийнхөө мэдрэмжийг л дагаж хийсэн. Дээрээс нь хамтарч ажиллаж байгаа миний баг хамт олон, харилцан тоглож байгаа жүжигчин зэргээ зөв сонгож, олон авьяастнуудтай нэгдэж чадсан учраас саад бэрхшээл гэхээр зүйл гарсангүй. Гол нь зохиол дээрээ маш сайн “суух” хэрэгтэй юм билээ. Яг л хувь уран бүтээлчийн ажиллагаанаас л хамаарсан ажил байдаг гэж ойлгосон.

-Кинотой холбоотой магтаал, шүүмж их ирж байна уу?

-Өмнө хэлсэнчлэн энэ киноны зохиол нь өөрөө хүүхдийн өгүүллэг. Мэдээж хэрэг кино маань нийгмийн өмнө болоод хувь хүний асуудлын өмнө тулгарч байгаа эмзэглэлээс үүдсэн. Ингээд ярьчихвал би спойлордсон болчих гээд байна л даа. Гэхдээ үзээгүй хүмүүс ч их байгаа тул энэ асуултыг түрдээ үлдээе гэж бодлоо. Ямартай ч миний киног үзээрэй гэж хэлмээр байна. Гол нь найруулагч миний зүгээс үзэгчдийн өмнө тавьсан асуулт, дэвшүүлж буй санаа, өөрт тань аль талаас нь илүү их мэдрэгдэж байна гэдэгт сэтгэгдлээ бичээсэй. Кино маань сэтгэлд тань хүрч байгаа бол шүүмж, магтаалаа харамгүй хэлээсэй гэж хүсэж байна.

-"Эргэж ирэхгүй намар" киног Оскарын урьчилсан шатанд өрсөлдөөд явж байгаа гэж сонссон. Энэ талаар уншигчдадаа мэдээлэл өгвөл?

-Үзэгчдэдээ нэг тайлбарыг хэлэх нь зөв байх. Манай киног Оскарт нэр дэвшсэн гэж яриад байна. Нэр дэвшээгүй. Харин манай кино 95 дахь удаагийн Оскарт Монгол Улсаа төлөөлөөд оролцож байгаа.

Энэ жил дэлхийн 200 гаруй улсаас 90 орчим улс л Оскарт гадаад хэл дээр киногоо өгсөн байдаг. Түүний нэг нь Монгол Улс. Монгол Улс өмнө нь зургаан кино явуулсан. Манай кино долоо дахь кино нь. 90 гаруй улсын киног Оскарын шүүгчийн эрхтэй 60 хүн санал өгч байж, ирэх сарын дундуур 15 киног шалгаруулж сонгон авч үлддэг. Шалгарсан 15 киноноос нэгдүгээр сар гараад таван киногоо л авч үлддэг. Тэндээс Оскарын шүүгч нар үзээд Оскарын шагналт киногоо шалгаруулдаг гэсэн үг. Тэгэхээр Монгол Улс 200 гаруй дэлхийн улсаас 90 гаруй улсын тоонд нь багтаж байна гэдэг нөгөө талдаа Оскарт өрсөлдүүлэх кинотой байна гэдэг бол бид нарын хувьд бахархам амжилт.

Кино маань дэлхийд Амараагийн кино гэж явахгүй шүү дээ. Монголын кино гэж л явж байгаа. Хоёрдугаарт, хувь уран бүтээлчийнхээ хувьд миний анхны найруулсан кино Монгол Улсаа төлөөлөөд Оскарт оролцож байгаад маш баяртай байна.

-Монголоос оролцох киног эх орондоо хэрхэн шалгаруулсан талаар үзэгч, уншигчид мэдэхийг хүсч байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Монгол Улсын Соёлын яам, Кино урлагийн зөвлөлийн 11 гишүүн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 31-нд хүртэл нээлтээ хийж байгаа буюу энэ онд нээлтээ хийсэн кинонуудыг үзээд тэндээс Монгол Улсыг төлөөлөх киног сонгон шалгаруулсан. Тэр нь “Эргэж ирэхгүй намар” кино маань байсан.

-Оскар гэхээр хамгийн түрүүнд шалгуур л бодогдож байна. Оролцож буй уран бүтээлүүдэд их өндөр шалгуур тавигддаг байх?

-Эндээс шалгуураа хангалаа гэхэд тэнд Оскарын техникийн шалгуур гэж байна шүү дээ. Техникээс гадна сэдэв, жүжигчдийн тоглолт, формат зэрэг олон шалгууруудыг давж Оскарт сонгогдож байгаа гэсэн үг.

-Кино урлагийн салбарын бид чинь цагаан зээр шиг тархай бутархай л явсан улс шүү дээ-

-Уран бүтээлийн сонин сайхнаас гадна кино урлагийн салбарт гарч буй дэвшлүүдийн талаар ярилцмаар санагдлаа?

-Яг үнэнийг хэлэхэд, киночид бид чинь цагаан зээр шиг тархай бутархай, дор бүрнийхээ уран бүтээлийг хийгээд л явж байсан улсууд шүү дээ. Бидэнд нэгдсэн зохион байгуулалт гэж байгаагүй. Бид Соёлын яамтай, кино урлагийн зөвлөл, Кино урлагийн тухай хуультай боллоо. Энэ бол Монголын кино урлагийн түүхэнд түүхэн үйл явдал. Үүнд нь би амьдралынхаа 30-аад жилийг энэ салбарт өнгөрүүлж байгаа уран бүтээлчийн хувьд баяртай байна.

-Кино урлагийн тухай хуультай болоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон улсад кино урлаг чиглэлд Монгол Улс албан ёсны эрх зүйн бичиг баримттай болсноор гадаадын кино компаниуд Монголыг харж, дэлхийд гарах боломж бүрдсэн гэдгийг уран бүтээлчид тодотгож байсан. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай яваа вэ?

-Хууль бол өөрөө бидний түүх соёлыг хамгийн түрүүнд хадгалж, хамгаалж үлдэх нэг том ач холбогдолтой. Би хамгийн түрүүнд харж байгаагаасаа л хэлье. Өнөөдөр Монголын тухай кино хийе гэж бодъё. Жишээлбэл, миний өөрийн тоглосон Марко Поло киноны тухайд Казахстанд очоод хийчихдэг. Яагаад гэвэл Казахстан киноны хуультай. Киноны хуулиндаа тухайн улсад авсан зураг авалтад зарцуулсан мөнгийг нь тухайн продакшнд 25-40 хүртэл хувиар буцаан олгодог. Буцаан олголтын хэмжээ нь тухайн улсаасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Тэгэхээр өнөөдөр та бид хоёр кино хийж байлаа гэж бодоход Монгол хуульгүй бол тэд нар Казахстанд аль эсвэл Өвөр Монголд ч юм уу. Хуультай улсад нь очоод киногоо хийнэ гэсэн үг шүү дээ. Адилхан л нүүдэлчин соёлтой хүмүүс байгаа.

Тэгэхээр өөрсдөө мөнгөө буцааж өгдөг хуультай болсноор гаднын уран бүтээлчид Монголд ирж хөрөнгөө зарж, дотоодын уран бүтээлчидтэй маань хамтран ажиллаж, кино хөгжих маш том алхмыг хийж чадсан гэсэн үг.

Жишээлбэл, би өөртөө тохиолдсон явдлыг л ярья л даа. Марко Полог киног хийсэн Жак Ричард гэх продьюсер “Бөгжний эзэн”-ий Хоббит киног хийхдээ Шинэ Зеландын кино хууль дээр ажиллаад тухайн киногоо хийсэн. Ингэснээр тухайн улсын аялал жуулчлалыг дэмжих гол салбар нь кино урлагийн салбар болж байна. Тухайн декрацыг үзэх гэж хүмүүс очиж байна.

Жишээлбэл, Марко Полог хийхдээ Малайз улсын Киноны хууль дээр ажиллаж, тэр том студийг бариад тэндээ эргээгээд маш томоохон хэмжээний шоунууд, кинонуудыг хийгддэг болж тэр хэмжээгээр тухайн хот нь хөгжиж байх жишээтэй. Энэ бол Монголын кинонд гарч ирж болох том үйл явдал. Киноны тухай хуультай болсноороо гарах давуу талын ердөө нэг нь л энэ. Мөн бид шинэ залуу уран бүтээлчдээ дэмжих, гадаад дотоодын уралдаанд оролцож буй бүтээлүүдээ дэмжиж чадахаар болж байна.

Бид өмнө өөрсдөө киногоо барьж очоод оруулдаг байсан бол одоо Соёлын яам, Кино урлагийн зөвлөл киног нь сурталчилж өгдөг, цаашаа үүсэх харилцаа холбоо, уулзах хүмүүсийг нь гаргаж өгдөг, зөв замд нь цаг хугацааг нь хурдтай товчилж өгч байна гэсэн үг.

-Хуультай болсон нь сайн. Гэхдээ нөгөө талдаа өөрсдөөс маань шалтгаалах зүйл байна. Жишээлбэл, бид олон улсын зах зээлд өрсөлдөхийн тулд кино уран бүтээлээ чанаржуулах хэрэгтэй байна гэж олон нийт хардаг шүү дээ?

-Кино урлаг өөрөө маш олон урлагийн нийлбэр байдаг. Тэгэхээр бидний хувьд киноны техникийн чанар тал дээр Монгол Улс дэлхийн аль ч улс орноос дутахааргүй болчихлоо. Техник технологийг хөгжлийн дагаж байна. Энэ утгаараа бидэнд монтаж хийх, өнгө тавих, зураг авалт хийх камер гэх мэт асуудлууд нэг талдаа гач байгаа. Хоёрдугаарт, жүжигчдийн, найруулагч нарын гоо зүй, ёс зүйн асуудлуудыг шийдэх нь зөв. Мэдээж хувь хүний орон зай руу халдах нь бүдүүлэг хэрэг. Гэхдээ бид аль киног нь дэмжиж ажиллах вэ гэдэг нь кино уран бүтээлчдийн саналаас гарч ирэх асуудал.

Нөгөө талдаа өмнө хэлсэнчлэн хуультай болж, кино урлагийн зөвлөгөөнийг зохион байгуулсан явдал нь Монгол Улсыг, Монгол хүнийг, Монгол ахуй соёл, түүний хөгжлийг дэлхийд яаж сурталчилах юм бэ, бид өөрсдийгөө хэн гэж дэлхийд харуулах вэ гэдгийг зөв замд нь оруулж өгөх болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

ЧУУЛГАН: Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.