Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг 1994 оноос эхлэн Олон улсын Гэр бүлийн өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг.
Харин манай улсын хувьд 2003 оноос тэмдэглэх болсон бөгөөд энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв. Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон юм.
Энэ асуудлын хүрээнд 2019 онд “21-р зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурлыг “Улаанбаатар” их сургууль, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байсан билээ. Тус бага хурлаар “Гэр бүлийн асуудлыг зохицуулж буй эрхзүй орчны хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох нь”, “Гэр бүл-хүүхэд” гэсэн үндсэн гурван сэдвээр 20 гаруй илтгэлийг хэлэлцсэн юм. Шалгарсан илтгэлүүдийг эмхэтгэн ном гаргаж шийдвэр гаргах түвшинд хүргэн, судлаачдын гарын авлага болгож байв.