Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан ШУ-ны доктор, профессор, гэр бүл судлаач Т.Намжилтай залуу гэр бүлийн уур амьсгал, харилцааны талаар ярилцлаа.
- гэр бүл гэдэг эхнэр, нөхөр бие биедээ хайр сэтгэлээ зуун хувь зориулна гэсэн үг-
Та гэр бүл гэдгийг юу гэж тодорхойлох вэ?
-Гэрлэлт, гэр бүл гэдэг маань эхнэр, нөхөр хоёул бие биедээ, хайр сэтгэлээ зуун хувь зориулна гэсэн үг. Ихэнх хүмүүс эхнэр, нөхөр хоёул бие биедээ тавин хувь туслаад зуун хувь болно гэж боддог. Энэ бол маш том эндүүрэл юм. Нөхөр нь өөрийгөө эхнэртээ зуун хувь зориулж, эхнэр нь өөрийгөө нөхөртөө зуун хувь зориулж байж сая бүрэн дүүрэн нэгдэл болно.
Залуу гэр бүлийн харилцаанд гардаг дутагдалтай талууд гэр бүлийн уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Олон зүйл энд хамаарна. Хамгийн эхэлж анхаарах зүйл бол нэгэнт гэр бүл болно гээд болсоноос хойш бие биенээ ойлгох гэдэг асуудал байна. Судалгаанаас үзэхэд 1-3 жилд бие биенээ ойлгож эхэлдэг. 3-5 жилдээ дотносож эхэлнэ. Гэтэл ихэнх залуу гэр бүлүүд бие биенээ таниж мэдэхээсээ өмнө сэтгэлийн хөөрлөөр хурдан хүүхэдтэй болж, гэр бүл болцгоодог. Үүнээс болж гэр бүл болсон хойно маргалдах, бие биенээ голох, хардах гэх мэт асуудлууд үүсч эхэлдэг.
Мөрөөдөж гэрлэсэн хүмүүс алхам дутамд бэрхшээлтэй тулгарч эхлэнэ. Зарим үед шийдвэрлэх гарцыг олж чадахгүй бухимдах үедээ би ер нь яах гэж гэрлэв дээ гэж бодох үе гардаг.
1-5 жил үргэлжлэж байгаа залуу гэр бүлийн хувьд яг адилхан үе шатыг дамжиж яваа гэсэн үг. Эхнэр нөхөр аль аль нь би ямар зантай билээ?, би ямархуу төрлийн хүн билээ?, алдаа дугагдал юу байна? гэх мэтээр өөртөө асуулт тавьж эхлээд өөрийгөө таньж мэдсэний дараа харилцан бие биенийгээ ойлгох хэрэгтэй. Нэгэн жишээ нь дээр авч үзье. Хоёулаа ажил хийдэг эхнэр нөхөр байлаа. Эхнэр нь нэг өдөр ажлаасаа эрт ирээд нөхөртөө зориулж оройн хоол хийгээд хүлээж гэнэ. Нөхөр нь ирээд эхнэрийнхээ хийсэн хоолыг амсаж үзээд “ Ямар их давстай юм бэ?” гээд идэхгүй шууд орхиод боссон. Энэ жишээнээс харахад эхнэрийн хувьд эрт ирээд зориулж сэтгэл гаргаж хоол хийсэн. Тийм болохоор нөхрөөсөө мэдээж сайхан үг, магтаал хэлэх болов уу гэж хүлээж байсан. Гэтэл нөхөр эхнэрийнхээ тэр гаргаж байгаа сэтгэлийг олж хараагүй. Энэ хэдий жижигхэн зүйл юм шиг боловч ийм жижиг зүйлээс болж харилцаанд ан цав сууж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болж байдаг. Тэгэхээр энүүгээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр нэгт бие биенээ ойлголцох, хоёрт өөрийгөө ойлгох хамгийн чухал юм.
Залуу хосууд бие биенийхээ хувийн асуудалд хэт их оролцож, фейсбүүкийн кодоо солилцдог болсон. Энэ үйлдэл гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Учиргүй нууж хаагаад байвал мэдээж хардах, сэрдэх асуудал гарна. Гэхдээ нэгэнт гэр бүл болоод насан туршдаа хамт амьдрахаар бие биенээ сонгосон бол нэгэндээ итгэх хэрэгтэй мөн нууж хаах зүйл байх ёсгүй. Хүн хүнтэй суухдаа нэг нь нөгөөдөө захирагдах гэж нийлдэг, харин суусан хойноо захирахыг хүсч эхэлдэг. Өөрөөр хэлвэл захирах захирагдах ёс хосуудын харилцаанд үйлчилдэг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг бие болж нийлэхдээ өөртөө байхгүй давуу талаа олж харж түүнд татагдаж суудаг. Таны бие сэтгэл дотор хань нөхрөө хайрлах хүсэл, ердийн байгаасаа илүү хүчтэй болох тутам хань нөхрөө өөрөөсөө илүү хайрладаг, энэрдэг болно. Эхнэртэй эр хүн: “Би энэ гэрийн гол хүн, эхнэр бол намайг аз жаргалтай байлгах үүрэгтэй, үүний төлөө миний эхнэр болсон, Миний хоолыг бэлтгэх, хувцас хунар угаах нь, түүний үүрэг,” гэх мэтээр хэрхэвч бодох учиргүй. Эхнэр : “Нөхөр маань бүхнийг надад хийж өгөх гэж зориулагдсан, хүссэн бүхнийг авч өгч байх” гэх мэтээр бодох учиргүй.
Гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар байр суурьтай оролцох ёстой юм бэ?
-1990-ээд оноос эхэлж Монгол эрчүүд архичин, ажилгүй, арчаагүй гэдэг ойлголт бий болсон. Нэг хэсэг энэ муу ажилгүй, архичин юм чинь би суухгүй гэдэг яриа эмэгтэйчүүдийн дунд газар авч байлаа. Тэгвэл өнөөгийн эрчүүд өөр болсон байна. Амьдрал ахуйгаа авч явдаг, ухаалаг, чадварлаг залуус олон байгаа. Ялангуяа гэрлэх насны залуус өөрчлөгдөж байна. Хэнтэй хэзээ гэрлэхээ төлөвлөдөг, ханиа ямар шалгуураар сонгохоо ул суурьтай боддог болжээ. Гэтэл тэрний хажуугаар аав болсон мөртлөө хүүхдээ тэвэрч үзээгүй шахуу аавууд нэг бус байна.
Таны бие сэтгэл дотор хань нөхрөө хайрлах хүсэл, ердийн байгаасаа илүү хүчтэй болох тутам хань нөхрөө өөрөөсөө илүү хайрладаг, энэрдэг болно.
Эхнэртэй эр хүн: “Би энэ гэрийн гол хүн, эхнэр бол намайг аз жаргалтай байлгах үүрэгтэй, үүний төлөө миний эхнэр болсон, Миний хоолыг бэлтгэх, хувцас хунар угаах нь, түүний үүрэг,” гэх мэтээр хэрхэвч бодох учиргүй. Эхнэр : “Нөхөр маань бүхнийг надад хийж өгөх гэж зориулагдсан, хүссэн бүхнийг авч өгч байх” гэх мэтээр бодох учиргүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд хандлага их өөр болж. Гэрийн гадаахийг эр, доторхийг эм гэдэг хуучирсан ойлголт байхгүй болж, эрчүүд гэр бүлийнхээ дотоод асуудалд эмэгтэйчүүдтэйгээ адилхан оролцож байна. Эсрэгээрээ эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боллоо. Манайхны нэг хуучирсан ойлголт байдаг. Энэ муу миний хүүг авч суучихаад төмс ногоо арилгуулаад, гэрийн хар бор ажил хийлгээд гэж хэлдэг хадмууд олон байсан. Тэгвэл цаг үе өөр болж байна. Бие биенийхээ дутууг нөхөөд, харилцан биенээ хүндлээд эвтэй найртай амьдрах хэрэгтэй.
Гэр бүлийн харилцааг сармагчинтай зүйрлэсэн байсан. Яагаад сармагчинтай зүйрлэсэн бэ?
-Сармагчин гэж ямар амьтан билээ. Нүд гүйцэхийн аргагүй хурдтай, үргэлж янз бүрийн зүйл санаж сэдэж, дэггүйтэж байдаг амьтан шүү дээ. Хүний сэтгэл яг сармагчин шиг байнга хувирч байдаг амьтан юм л даа. Гэтэл сэтгэл гэдэг чинь миний түрүүн хэлснээр харилцаатайгаа холбоотой зүйл. Үүнийг л их сайн анзаардаг байх хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэлийг хүн өөрөөсөө л мэдэрнэ. Би ямар зан араншинтай хүн бэ гэж өөрийгөө дүгнэж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө ойлгоогүй байж хүнийг ойлгоно гэж байхгүй. Өөрийнхөөрөө зүтгээд байвал хүнтэй амжилттай харилцааг бий болгож чадахгүй. Тиймээс өөрийнхөө зан араншин, бүх сул болон давуу талаа сайтар судалж үзсэний үндсэн дээр гэр бүлтэйгээ харилц гэж зөвлөе. Би айлын хэд дэх хүүхэд билээ. Хүнтэй харилцахдаа ямар алдаа гаргадаг вэ. Согтохоороо яадаг вэ. Би худлаа хэлдэг бил үү. Шуналтай юу гээд өөрийгөө эхлээд судалж байж дараа нь хүнтэй харилцах хэрэгтэй юм. Бусдыг хүндэтгэ. Бие биенээ хүндэтгэж яв. Тэгвэл таныг хүндэтгэнэ. Дээр нь бусдад их тус болох хэрэгтэй. Монголчуудын эртнээс улбаатай нэг сайхан зан бол энэ шүү дээ. Бие биенээ дэмжээд аваад явдаг. Ядуу гэр бүлүүдээ чинээлэг гэр бүлүүд нь дэмждэг байж яагаад болохгүй гэж. Хариу нэхээгүй тус хийх хэрэгтэй шүү гэж л хэлье. Ийм байх юм бол Монгол гэр бүлүүд дорхноо сэргэнэ дээ. Тиймээс нийгмийн доод давхаргынхны амьдралыг сайжруулахад төр засаг гэлтгүй чинээлэг давхаргын иргэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Тэр чинээлэг давхаргаа харин төр засаг нь бодлогоор дэмждэг байгаасай.
Эхнэр, нөхрүүд гэр бүлийн уур амьсгалаа тааламжтай болгохын тулд нэн тэргүүнд яг юуг хийх ёстой юм бэ?
-Гэр бүлийн харилцаанд үг их чухал. Бодлогогүй үг харилцааг сүйрүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Харилцааны суурь бол сэтгэл. Техник хөгжсөн энэ цаг үед хүн хоорондын харилцаа маш чухал шүү. Хамгийн гол нь сэтгэл. Сайхан сэтгэлтэй л явах хэрэгтэй. Тэгж байж эрүүл харилцаа оршино. Одоогийн залуучуудад энэ талаар хэлмээр л санагддаг. Хэлэхгүй бол яаж хүний үг сонсохгүйгээр хол явах юм бэ. Дунд сургуулийн хүүхдүүдийн харилцааг би судалж үзсэн. “Ална шүү” гэдэг үгийг дунд сургуулийн ахлах ангийнхан их хэрэглэж байна. Үүнийг хүүхэд хаанаас сурсан байх вэ гээд аав ээж, гэр бүлийнх нь харилцааг судлаад үзэхээр аав ээжүүд өөрсдөө энэ байтугай үгийг хэлж байна. Томчуудын харилцаа ингэж сөрөг тал руугаа орчихоод байхад хүүхдэд яаж нөлөөлөх нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс үг буюу харилцаан дээрээ л анхаарах хэрэгтэй.
Харилцааны суурь бол сэтгэл