Төсвийн байнгын хорооны хуралдаанаар2023 оны улсын төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Ирэх жил Ерөнхий сайд Монгол Улсад зочлох жил болгон зарласан. 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын иргэний гадаад паспортыг цахим “Е-паспорт” болгох бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдсан. Хилийн боомтуудад “E-gate” тавих бэлтгэл ажил хангагдсан.
Бид олон улсын иргэний нислэгийн байгууллагын гишүүн орны хувьд хураамжаа төлөөд дэлхийн бусад орнуудад манай гадаад паспорт харилцан интакрацид орж, “Е-паспорт” сканердаж уншдаг техникийн болон бусад шийдэл хийгдсэн. 2023 оны төсвийн тухай хуульд Хууль зүй дотоод хэргийн яамны их засвар гэсний дотор “тоног төхөөрөмж” гэх өөрчлөлтийг нэмж оруулаад, их засварын мөнгөнөөс 4.8 тэрбум мөнгийг программ хангамж руу шилжүүлж байж цахим гадаад паспорт “амилах” гээд байгаа юм" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Монгол Улс цахим буюу и-паспортгүй улс байгаа. Дэлхийн ихэнх орон цахим паспорттой болсон. Гадаад паспорт цахимжсанаар улсын хилээр нэвтрэх, гарах асуудал хурдсах боломжтой болж байгаа. Тодруулбал, и-гэйтээ ашиглаад 15 секундын нэвтрэх боломжтой болно.
Цахим болгох бэлтгэл ажил хангагдсан. УБЕГ-т гадаад паспортыг хэвлэх үйлдвэр нь ороод ирсэн. Одоо программ хангамжууд нь шаардлагатай. Олон улсын нисэх буудлуудын тавьж буй шаардлагын дагуу лицензтэй программ хангамжуудыг худалдан авч хийгээд үйлдвэр нь ашиглалтад орж, Монгол Улсын иргэд цахим паспорттой болох боломж бүрдэх юм. Гэхдээ энэ асуудлыг шинээр хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй урсгал зардал буюу сайдын багц дотроо зохицуулж байгаа" хэмээлээ.