Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тогтоолоор АШУҮИС-ийн эмнэлгийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг” гэсэн оноосон нэртэй болгосон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг тус эмнэлэгт өнөөдөр хоёр дахь удаагаа зочилж, албан ёсны нэр бүхий хаягийг залж, эмч, эрдэмтэн судлаач, багш ажилтнуудтай уулзлаа.
“АШУҮИС-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, санхүү, ажиллах нөхцөлийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”, “АШУҮИС-ийн эмнэлгийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, бүтэц, дүрмийн төслийг боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг” байгуулж, өнгөрсөн хоёр сарын хугацаанд чамгүй олон асуудал шийдэгдсэн талаар Сайд танилцууллаа.
Эрүүл мэндийн сайдын багцаас 2.3 тэрбум төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтын ажлыг хариуцахаар болсон. Ингэснээр 24.1 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэж, тус эмнэлэг жигд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. Шуурхай арга хэмжээ авч ажилласан сайдад тус эмнэлгийн хамт олон мөн талархал илэрхийллээ.
Тухайлбал, ажилчдын цалин хөлс, эм урвалж эмнэлгийн хэрэгсэл зэрэг урсгал зардалд БСШУС-ын сайдын багцаас 8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Мөн АШУҮИС-аас 1 тэрбум төгрөг, Дэлхийн банкнаас 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт өгөх шийдвэрийг гаргуулсан.
Уулзалт арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Эх сурвалж: БСШУСЯ