ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавирусний халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор 83 мянган хүн уг халдвараар өвчилж, 5 мянга гаруй хүн нас баржээ. Өвчлөл АНУ, ОХУ, Бразил улсад эрчимтэй тархаж байна.
Халдварыг хяналтдаа авлаа гэж үзэж байсан Хонгконг, БНХАУ, БНСУ-д өвчлөл шинээр голомтлон гарч, эргэн тархах магадлал өндөр болж байна.
Манай улсын хувьд ОХУ-ын хотуудад батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг 340 оюутныг гурван удаагийн нислэгээр хүлээн авсан. Эдгээр оюутнуудыг ХӨСҮТ, “Бага баян” амралт, “Тоёоко-Инн” зочид буудалд тусгаарласан.
Улсын хэмжээнд 1286 хүн тусгаарлалт, ажиглалтад байна. Ажиглалтад байгаа иргэдэд 62 эмч, эмнэлгийн ажилтнууд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Мөн орон нутгийн галт тэрэгний 14 чиглэлд 10 эмч ажиллаж, 3754 зорчигчид коронавирусний халдвар тандалт, судалгааг хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.
ЗӨСҮТ-ийн 4 баг ОХУ-аас ирсэн тусгай үүргийн 3 онгоц, 544 гар ачаа, 12 автобус, Улаанбаатар-Бээжин чиглэлийн тусгай үүргийн 3 онгоцыг тусгаарлан, бүх талбайг ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 393 дуудлага ирж, зөвлөгөө, мэдээлэл авсан. “Шуурхай - 119” апп-аар дамжуулан 7 улсаас 58 дуудлага ирсэн байна.
Иргэд гадаа талбай, цэцэрлэгт хүрээлэнд амны хаалтгүй явах тохиолдол их байна. Иймд амны хаалтыг тогтмол зүүж, гараа сайтар угааж, хүн хоорондын зайг баримтлахыг анхааруулж байна” гэв.
У.БИЛГҮҮН