Өнгөрсөн онд эмийн сангийн гаднах талбайд тоглож байсан 10 настай хүү шатны төмөр бариулаас барьснаас болж тогонд цохиулан харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Үүний шалтгаан нь тухайн эмийн сангийн гаднах талбайд цахилгааны утас ил байснаас болсон билээ.
Уг хэргийг шүүхэд шилжүүлсэн ч удаа дараа хойшилж байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт шүүх хурал болж хариуцагч талд ял оноосноор хэрэг эцэслэн шийдэгдсэн байна.
Тодруулбал, Давж заалдах шатны шүүхээс эмийн санг түрээслэгч Г.Ганпүрэвт 1,3 жилийн хугацаагаар хорих ял оноосон бол тухайн барилгын эзэн гэгдэх Дэлгэр тур ХХК-ний С.Энхжаргалд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноолоо. Тэдэнд шүүхээс бага насны хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн, хөдөлмөр аюулгүй байдлыг мэдсээр байж хангаагүй гэх хэргээр ийнхүү ял оноов. Мөн талийгаач хүүгийн оршуулгын зардалд 50 сая төгрөгийг хувааж төлөх шийдвэрийг гаргасан байна.