УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган, хэргийн материалтай танилцуулж байна.
Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдуулан 2018 оны арванхоёрдугаар сараас Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн юм. Тус сангаас зээл авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Б.Ундармаа нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг тухайн үеийн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д оруулсан.
Гэвч Их хурлын гишүүд Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр шалгах нь зүйтэй гэж үзсэн юм.
АТГ-аас өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд буй. Харин Б.Ундармааг хэргийн материалтай танилцуулснаар түүний холбогдсон хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болно. Ийнхүү ДҮХС-гаас зээл аван, яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүнээс Л.Энхболдын хэрэг мөрдөн байцаалтын шатанд үлдээд байна.