Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 39 секунд

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчинтой болох нь нийтийн ашиг сонирхлын төлөө төр өөрийгөө цэгцлэх, авлигатай тэмцэх хүсэл зоригийн чухал алхам болох юм.

Хуулийг хэлэлцэх үеэр гишүүд дараах асуултыг асууж, хариулт авсан билээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Шүгэл үлээгчийг хамгаалах зохицуулалт байхгүйгээр хуулийн төслийг оруулж ирнэ гэдэг бол пропаганда маягийн хууль болж магадгүй болж байна. Хэлэлцүүлгийн явцад шүгэл үлээгчийн өргөн барьсан мэдээллийг хэр хугацаанд шийдэх, ямар процессоор хэргийг хянан шийдвэрлэх талаар хуульд тусгах хэрэгтэй. Шүгэл үлээгчийг хэрхэн хамгаалах талаар хуульд тусгахгүйгээр явуулна гэдэг буруу. Үүнийг яаж шийдвэрлэх юм бэ" гэв.

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг "Эрх бүхий байгууллага шүгэл үлээсэн мэдээллийг хүлээж авсанаас хойш 30 хоногийн дотор хяналт шалгалтыг явуулж, буцаан мэдэгдэх үүргийг хүлээж байгаа. Шүгэл үлээгчийн өмгөөлөгч нь төлөөлөх эрх бүхий этгээд нь хамгаалалтын арга хэмжээ авья гэвэл АТГ болон бусад мэдээллийг шилжүүлж авсан байгууллагууд гэрч хохирогчийг хамгаалах хуульд заасан хамгаалалтын арга хэмжээ авах үүргийг хүлээнэ. Шүгэл үлээгч хувийн мэдээллээ олон нийтэд дэлгэхгүй байх асуудлыг хөндөн тавьж болно" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн мөнгөн урамшууллыг эргэж харах хэрэгтэй. Х.Нямбаатар сайд 1980-аад онд амьдарч байсан ах эгч нар гэж хэлж байна. Гэхдээ манай ээж аав, эмээ өвөөгийн хувьд энэ инээдэм биш. Тэр нийгэмд матаасын ачаар албан тушаал ахидаг, нам дотроо нэр хүндтэй болдог байсан. Тийм учир бид матаасын соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Харин маш тодорхой гэмт хэрэг дээр байж болох юм.

Ерөнхий зохицуулалт, шалгуургүйгээр мөнгөн урамшуулал өгөх нь маш аюултай. Тэр чигтээ бизнес болно. Хуульд 100-1.5 тэрбум төгрөг хүртэл мөнгөн урамшуулал олгохоор заасан байсан. Хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байгаа" гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Г.Амартүвшин гишүүн ээ би хуучин нийгмийн матаасын тогтолцоог индээм байдлаар огт хэлээгүй. Лениний төр ба хувьсгал зохиолд иргэд харилцан бие биеэ хянах тогтолцоог маш тодорхой бичсэн байдаг. Энэ нь цаашдаа биеллээ олж маш олон мянган хүн матаас, гүжир гүтгэлгийн золиос болж хэлмэгдсэн гашуун туршлага бидний өвөг дээдсийг дайрч өнгөрсөн. Г.Амартүвшин гишүүн саруул ухаандаа матаасны тогтолцооноос шүгэл үлээх харилцааг өөрөөр ойлгоосой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл шүгэл үлээх харилцаа нь нийтийн албан тушаалтан, нийтийн албанд хувийн болон нийтийн ашиг сонирхлыг зохицуулах урьдчилан сэргийлэх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй өөртөө давуу байдал үүсгэсэн үйлдэл бүрийг олон нийтийн хяналтад оруулах гэж буй үйлдэл.

Шүгэл үлээсэн асуудал нь үндэслэлтэй байж, тодорхой дүгнэлтийг нь үндэслэж байж асуудлыг шийднэ. Өнөөдөр үүнийг нэгдсэн хуулийн зохицуулалтад оруулж өгье гэдэг хуулийн зохицуулалт яригдаж байгаа. Та, би, бид бүхэн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх үүргэтэй" гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хуулийн төслийг гол асуудал нь улсын нууц дээр байгаа. Ил байгаа мэдээлэл дээр мөнгөөр шүгэл үлээнэ гэх зарчим хол явахгүй. Ард иргэд зүрх сэтгэлээрээ, улс орныхоо төлөө аюулгүй байдалтай тэмцэх гэсэн сэтгэлээр шүгэл үлээж байвал болно. Харин мөнгө бодож хэн нэгний тухай бичиж байгаа бол шантаажчин. Шантаалжилж байгаа авлигачнаас ер дээрдэхгүй.

Улсын нууцтай харьцаж буй албан тушаалтнууд нууц мэдээллээр шүгэл үлээж болно гээд тавьчихвал төрийн хар хайрцагны бодлого алдагдах нигуур байгаад байна. Тиймээс ямар асуудал дээр төрийн болон албан нууцыг ил болгох вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй" гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ бол анхдагч хуулийн төсөл. Хэлэлцэх эсэх нь тодорхой болсон тохиолдолд яг тань шиг хүн хуулийн төслийг ахлаасай гэж би бодож байгаа. Тэгж айж шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг хамгаалж, үр хүүхдүүддээ илүү хууль үйлчилдэг нийгмийн тогтолцоог бий болгох юм. Би өнөөдрийн төрж байгаа сэтгэгдлээр хуулийн төслийг ахлаасай гээгүй. Та бид хоёрын огтолцдог сэдэв бол шүгэл үлээх харилцааг бүх нийтийн хяналт болгох хэвшүүлэх явдал" гэв.

Маргааш Улаанбаатарт 5 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 5 хэм дулаан
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.