Мэдрэмж, мэдрэмж, мэдрэмж... Нийгмээрээ хүний эрхийн мэдрэмжгүй гэдгийг батлах дараагийн “савангийн дуурь” өнөөдөр үзэгчдийн хүртээл болж, гол дүрүүдээ танилцуулав.
Төр нь мэдрэмжгүй, түмэн олон нь мэдрэмжгүй, төрийн өндөр албан тушаалтан нь ч мэдрэмжгүй. Урлаг соёлынхон нь мэдрэмжгүй, уран бүтээлчид нь ч мэдрэмжгүй. Ер нь л мэдрэмжгүй хүмүүсийг нэг дор цуглуулчихсан байж. Бүр бие биедээ “гомдоод” бослого гаргаад амжив уу яав.
ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг “Хошин урлагийн жүжигчдийг хүний эрхийг зөрчигч, алиалагчид” хэмээн өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлснээс үүдэн “улаан булан”-гаас төр төлөөлж буй эрхэм “хөх булан”-гаас хошин шогчид ширүүхэн тулаан дэгдээв.
Бид ч хошуу дэвсэхээ үл мартаж, хошин шогийн жүжигчдийг үг хэлээрээ хэмлээд амжлаа.
Арга ч үгүй биз. Хошин урлагийнхан бусдыг инээлгэх гэхээсээ илүүтэй хүний эрхийн мэдрэмжтэй байж, эрх мэдэлтнүүдийг долоохоос илүүтэй буруу бодлого шийдвэрийг нь даацтайхан шүүмжилдэг байсан бол өнөөдөр ард түмнээс хатуухан зэмлэл хүртэхгүй байсан биз.
Нөгөөтэйгүүр, төрийн өндөр албан тушаалтны хэлэх гэсэн санаа нь зөв ч илэрхийлэмж нь буруу байв. Нэгдэж, төр төлөөлж буйгаа ойлгох хэрэгтэй. Хоёрдож, хүний эрх ярих гэж байгаа бол өөрөө хүний эрхийг дээдлэх ёстой.
Улс төр, урлаг соёл хоёр бол хэзээнээсээ л салангид байсан. Хэзээ ч нийлэх ёсгүй гэж ойлгож байна. Тийм ч учраас урлаг соёлынхон ч бай, улс төрийнхөн ч бай хэн хэнээсээ ангид байж, хүний эрхийн мэдрэмжийг одооноос эхлэн төлөвшүүлэхийг өнөөдрийн гол дүрүүд үлгэрлэв.