УИХ-ын намрын чуулган ирэх даваа гарагт эхэлнэ. Ирэх оны төсвөөс эхлээд сайдуудын томилгоо, ҮХНӨ гээд олон чухал улс төрийн асуудлуудыг Их хурлаар хэлэлцэх гэж байхад Ардчилсан намын бүлгийнхэн одоо болтол учраа ололцоогүй сууж байна. Бүтэн жил гаруй үйл ажиллагаа нь доголдож, өөр хоорондоо "зодолдсон" АН-ын бүлэг өнгөрсөн зун арай гэж МАН-тай тохирч, сөрөг хүчин доторх сөрөг хүчин болсон Д.Ганбат даргаа огцруулсан.
Ийнхүү бүлгийн даргаа ээлжит бус чуулганы үеэр Б.Цогтгэрэлийг бүлгийн даргаараа томилж, УИХ-ын дарга Г.Занданшатар уг шийдвэрийг нь чуулганы хуралдаанд уншиж баталгаажуулсан. Гэвч АН-ын бүлгийн тамга, тэмдгийг хуучин бүлгийн дарга Д.Ганбат нь авчихаад өгөхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Ээлжит бус чуулганы үеэр бүлгийн даргын өрөөгөө суллаж өгөхгүй гэж даналзаж явсан Д.Ганбат тамга тэмдгээс гадна АН-ын бүлгийн албан ёсны цахим хуудсыг хүртэл өгөхгүй бүлгийн гишүүдээ "мурьжээ".
Ийнхүү чуулган эхлэх гэж байхад АН-ын бүлгийн албан ёсны дарга гэх Б.Цогтгэрэл тамгагүй, өрөөгүй, цахим хуудасгүй сууж байна. Төсөвтэй холбоотой, хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбоотой албан ёсны санал, дүгнэлт. Мөн завсарлага авах асуудлыг бүлгийн даргын албан бичиг дээр тамга тэмдгээ дарж УИХ-д хүргүүлж байж хүчин төгөлдөр болох учиртай. Ард түмэн уг нь тэднийг сөрөг хүчин болгож, эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавиулах гэсэн боловч өөр хоорондоо тэмцэлдсээр дөрвөн жилийг үдэх бололтой. Бас болоогүй бүлгийн даргыг өөрчилсөн хуулийн төслийг нь О.Баасанхүү ҮХЦ-д өгч, Цэц уг асуудлаар нь маргаан үүсгэчихсэн байгаа.
Өөрөөр хэлбэл, АН-ын бүлэг он дуустал учраа олохгүй, үйл ажиллагаа нь жигдрэхгүй байсаар 2023 онтой золгох бололтой. Ингэж ард түмний итгэлийг уландаа гишгэж, эрх мэдлийн төлөө өөр хоорондоо тэмцэлдэж байснаас тарчихсан нь хамаагүй шулуухан харагдаж байна шүү.
Г.Лхагвадорж