БШУ-ны сайд Л.Энх-Амгалан багш нарын цалинг ур чадвараар тооцон олгох талаар мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа багш нар ур чадвараараа цалин авах ёстой. Энэ зарчмаасаа ухрахгүй гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр, "Багшийн үнэлгээ бол “чадахуйн” зарчим. Чаддаг нь чадахгүйтэйгээ адилхан цалин авах ёсгүй. Урсгалаараа урамшуулал авдаг газраас ур чадвар хэзээч цухуйхгүй. Хүүхдүүд чадварлаг багшийн хичээлийг авах ёстой, хэн чадварлаг нь өндөр цалин авах ёстой гэсэн бодлого.
Ирээдүйгээ, нийгмээ зөв болгохын тулд багшаа үнэлж чаддаг, сайн багшаа урамшуулж чаддаг байх ёстой. Хэрэв үүнээс ухрах юм бол урсгалаараа явж ирсэн боловсролын өлбөгөр тогтолцоо үндсээрээ шарилжинд идүүлнэ.
Үнэлгээний тогтолцоогоо илүү сайжруулж, илүү ойлгомжтой болгох ёстой гэдэг шүүмжлэлийг хүлээж авна. Ажлын гүйцэтгэл сайтай ямар ч багш, ажлаа сайжруулсан ямар ч багшид бүх урамшууллаа авах бүрэн боломж нээлттэй.
Миний хувьд багшийн үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлэх зарчмаасаа ухрахгүй. Илүү сайжруулж, илүү боловсронгуй болгохын төлөө явна. үр дүн нь хүүхдүүдээр маань дамжиж гарна гэдэгт итгэлтэй байгаа шүү" гэжээ.