Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан өнгөрсөн жилүүдэд хөл хорио тогтоосон. Ингэхдээ гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрт нь 14 хоног нэмж тусгаарласан байдаг. Улсын онцгой комиссын энэхүү шийдвэр хууль бус эсэхийг шийдвэрлэх Улсын дээд шүүхийн шүүх хурал өнөөдөр товлогджээ.
Энэ талаар "Fidelitas Partners" ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг "Хөл хорионд орсон 24,025 иргэний асуудалд хөндөгдөж байгаа. Эдгээр иргэд нь хууль ёсоор хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр зорчих эрхээ хязгаарлуулсан. Эдгээр иргэд нийлээд шүүхэд хандсан. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхээр орж байна. Нэг иргэн 21 хоног тусгаарлагдахдаа нийт 1,070,000 төгрөг төлсөн байдаг. Тусгаарлан ажиглах шийдвэрээр тогтоосон хоногууд нь гурав, долоо, 10, 14 хоног гээд харилцан адилгүй байсан. Тийм болохоор тусгаарлагдах хугацаанд төлсөн мөнгө харилцан адилгүй. Шүүхээс УОК-ын гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус хэмээх дүгнэлт гарвал тусгаарлагдах байранд байсан иргэд баримтаар нотлогдох зардлаа нэхэмжлэх боломжтой болно" гэлээ.