Сэлэнгэ Аймгийн засаг дарга Н.Лхагвадорж өчигдөр буюу 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн үйлдвэрт ажиллаж, чулуунцарын үйлдвэрийн зуухны тоосгоны доторлогоо, технологийн төлөвлөгөөт засварын ажлын тайлантай танилцлаа.
Тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч зургаадугаар сард Чулуунцарын үйлдвэр дээр ажиллаж, дүгнэлт гаргасан юм. Үүнд,
- Чулуунцарын үйлдвэр нь доторлогооны тоосгоны нөөцгүй,
- 2019 оны наймдугаар сараас хойш буюу 36 сарын хугацаанд 60 метр урттай зууханд бүрэн бус хэсэгчилсэн байдлаар доторлогоо хийж ирсэн
- Үйлдвэр төрийн өмчид шилжих үед элэгдлийн норм нь хэтэрсэн байсан
- Улмаар зууханд халалт үүсэж, эвдрэл гэмтэл гарах эрсдэлтэй тул шаардлагатай засвар, үйлчилгээг цаг алдалгүй хийж, зуухыг бүрэн доторлож шинэчилсний дараа ажиллуулах дүгнэлт гарган, үйл ажиллагааг нь зогсоогоод байв.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг хангаснаа үйлдвэрийн удирдлагууд аймгийн Засаг даргад танилцуулав. Иймд чулуунцарын зуухны засвар, доторлогоог чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, шаардлагатай сэлбэгийн нөөц бүрдүүлсэн гэж үзсэн тул тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар холбогдох инженер, техникийн ажилтнуудад Чулуунцарын үйлдвэрт гал өгч асаан, ирэх аравдугаар сарын 1-нээс цемент үйлдвэрлэж, Дарханы зам болон гэрээт компаниуд, айл өрхүүдийг нэн тэргүүнд цементээр хангах удирдлагаар хангав.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж үйлдвэрийн засварын ажлын тайлантай танилцан, цементийн тасралтгүй нийлүүлэлтийг хангаж ажиллах, цементийн үнээ нэмэгдүүлэхгүй байх талаар мөн анхааруулав. Энэ дагуу Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр 2022 он дуустал үнэ нэмэхгүй бөгөөд хэрэглэгчдэд задгай цементээ үйлдвэрийн үнээр буюу 220,000 төгрөг, ууттай цементээ 238,500 (НӨАТ орсон үнэ) төгрөгөөр нийлүүлнэ гэдгийг Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэллээ.