"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай холбоотой асуудал “мундахгүй”. Хамгийн сүүлд л гэхэд компанийнхаа удирдах албанд ажилладаг нэгэн эмэгтэйд бэлгийн сэдэл бүхий хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн талаарх баримтууд ил гарч, олон нийтийн дургүйцлийг төрүүлээд амжсан.
Үүгээр ч зогсохгүй өмнө нь ТУЗ-өөс баталсан ажилчдын орон тоог зөрчиж, олон хүнийг цомхотгон ажлаас нь халсан, компанийн бэлэн мөнгөний кассаас зориулалтын бусаар мөнгө авч зарцуулсан, архи ууж, танхайрч ажлын байр хаяж явдаг, компанийн гэрээг зөрчиж хууль бусаар газруудтай хамтран ажиллахыг тулган шаарддаг гэх зэрэг олон асуудал түүний нэрээс салдаггүй.
Гэтэл Л.Наранбаатарын талаар дахин нэгэн факт гарч ирэв. Учир юун гэвэл Л.Наранбаатар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж улмаар Хэмнэлтийн тухай хуулийг зөрчжээ.
Тодруулбал, “Цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах үйл ажиллагааны төсөвт зориулан хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нийт 17 сая төгрөгийн гэрээ” байгуулсан аж.
Угтаа хэмнэлтийн тухай хууль нь “Төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах” гол зорилготой. Гэтэл энэ мэт үргүй зардлаас үүдэн хэмнэлтийн тухай хууль хэрэгжихгүй байх үндсэн шалтгаан болж байна.