Согтуурсан үедээ жолоо барьж яваад өндөр хясаанд тэгнэн тогтсон иргэнийг, зорчигчидтой нь Онцгойгийнхон аюулгүй буулгажээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Уранмандал” гэдэг газар Хясааны дээр 3 зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлага өчигдөр аймгийн онцгойгийн албанд ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б согтуугаар “Аллион” загварын суудлын автомашиныг жолоодож яваад “Уранмандал” уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг ажиллан аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн аж.