Манай төрийнхөн хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах учраа нэг л сайн олохгүй байна. Өнгөрсөн жилийн өдийд төрийн гурван өндөрлөг нэг тайзан дээрээс “Төр хувийн хувшлийн түншлэл” гээд баахан уянгын халил урсгасан. Харин үүнийх нь араас төр хувийн хэвшлээ “дээрэмдэж, хохироож, булаах” үйл явдлууд тасарсангүй.
Өнгөрсөн хугацаанд Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд хувийн хэвшлүүд хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрийг төр булаагаадхав.
Тэгвэл үүнтэй зэрэгцээд Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан бас нэгэн хувийн хэвшлийг шороотой нь хутгаж байжээ. Тодруулбал, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрийн ажлыг цогцоор нь хийхээр төлөвлөж, Хөгжлийн банкнаас болон хувийн хэвшлээс их хэмжээний хөрөнгө босгож үйл ажиллагаа явуулсан нэгэн компанийг түүний хазгай бодлого хохироож эхэлжээ. Уг төслийн бүтээн байгуулалтын ажлууд ид үргэлжилж байх хугацаанд төр хийх ёстой дэд бүтцийн ажлаа удаашруулсан. Түүгээр ч барихгүй “дэд бүтцийн ажлыг нь шийдэж төр үүргээ биелүүл” гэж Ерөнхий сайд нь дахин үүрэг болгочихоод байхад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Дарханы арьс шир боловсруулах” бүтээн байгуулалтын компани гэгчийг үүсгэж байгуулжээ.
Хувийн хэвшлийнхэн энэ үйлдвэрийг шаардлагатай дэд бүтцийг нь шийдэх байх гэж хүлээсэн ч эсрэгээрээ бизнесийг нь хувааж, өрсөлдөгч нь болж “бойжив”. Шинэ сэргэлтийн бодлогод төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй. Бодлогоор дэмжинэ гэж заасан байсан ч яг адил төрлийн үйл ажиллагаа явуулах зорилготой төрийн нэрийн үйлдвэр энэ бүхнийг уландаа гишгэв. Тэр ч байтугай уг улсын үйлдвэр нь татвар төлөгчдийн асар их хэмжээний мөнгө болох 900 гаруй тэрбум төгрөгийг зарлагдаад ТЭЗҮ хүртэл хийсэн байх юм.
Жилдээ 10 гаруй сая тонн арьс ширийг үнэгүйдүүлж, газар булж байгааг өөрчилж аж үйлдвэрийн цогцолбор босгох төслийг хэрэгжүүлж асар их өр зээл, хөрөнгө мөнгө зарцуулчихсан байхад ажлыг нь ийнхүү нурууж байгааг хэрхэн ойлгох вэ.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдгийн цаад агуулга нь төр хувийн хэвшлээ дэмжинэ гэсэн ганцхан утгатай. Гэтэл ХХААХҮ-ийн яамныхан, экс сайд З.Мэндсайхан төр бүгдийг нь хийж, хувийн хэвшилтэйгээ төрийг өрсөлдүүлнэ гэж ойлгосон бололтой.
Ямар ч эрүүл ухаантай улсад төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөгчөөр оршдоггүй. “Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр” ХХК-ийнхан бүтээн байгуулалтын ажлаа ерөнхийдөө жигдэлж өөрсдийн хөрөнгөөр цогцолборынхоо суурийг хэдийнээ босгочихсон. Одоо ганцхан төрийг үүргээ биелүүлж дэд бүтцийг нь шийдэхийг хүлээж байсан.
Гэтэл З.Мэндсайхан сайд арьс шир боловсруулах чиглэлээр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх ажлыг эхлүүлчихээд буугаад явчихлаа. Одоо шинэ сайд нь энэ балмад бодлогыг нь үргэлжлүүлвэл хувийн хэвшиэл хаашаа харж сүйрэх вэ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон хувийн хэвшлийнхэн төрийн дарамтыг дийлэхгүй арга ядахдаа хөрөнгө мөнгөө салхинд хийсгэхгүйн тулд оруулсан хөрөнгөө тооцож, хийсэн бүтээн байгуулалтаа төр хүлээлгэж өгье гэдэг саналыг хүртэл илэрхийлжээ. Гэвч 20 гаруй бичиг цаасны ард өнөөх муу төр нь чимээгүй л суусаар байна. Төрийн аудит бүтэн дөрвөн сар ажиллаж тус компанийн бүтээн байгуулалтыг ширхэглэн шалгаж, зардал хөрөнгийг нь тооцсон. Аудитын энэ дүгнэлт бараг 7 сарын өмнө дуусчихаад байхад хүртэл З.Мэндсайхан буун буутлаа “дуусаагүй” гэж хэвлэлд цэцэрхсээр байгаад явжээ.
Ер нь эцэст нь хэлэхэд төр хэрвээ хувийн хэвшлүүдээ дэмжиж чадахгүй юм бол ядаж бүтээн байгуулалтыг нь битгий “дээрэмдээч” гэж хүсье. Шинэ сайд энэ асуудалд тун нухацтай анхаарал хандуулахгүй бол төрийн хувийн хэвшлийн итгэлцэл гэдэг зүйл ор мөргүй боллоо.