Ерөнхийлөгч ШХАБ-ын хуралд оролцохтой зэрэгцээд Ерөнхий сайд Их Британийг зорихоор болов. Тэрбээр, ирэх даваа гарагт болох Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант Улсын хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцох юм.
Олон хүмүүс Ерөнхий сайдын тив дамнасан гуравдагч хөрш рүү хийх айлчлалыг нь АНУ байх болов уу таамаглаж байсан. Гэвч Ерөнхий сайд баруун руу хандсан айлчлалаа Лондонгоос эхлүүллээ. Товчхондоо цаг үеэ дагаад Европт илүү ач холбогдол өгөв. Дайн байлдааны энэ цаг үед АНУ болон Европ нэг “завь” дээр байгаа тул хаашаа очих нь бараг л ялгаагүй. Магадгүй Европ одоогоор гол дүр байгаа гэдгийг санах нь зөв байх. Өөрөөр хэлбэл, дайны үеийн эгзэгтэй цаг үед Украины талын арын фронтод байгаа хамгийн том акул гүрэн рүү явж, хүндэтгэл үзүүлэх нь. Тэнд мэдээж уй гашуу, төрийн ёслол болох ч албан болон албан бус байдлаар төрийн тэргүүд, Ерөнхий сайдуудын уулзалт, яриа хэлэлцлүүд болох нь дамжиггүй. Мөн Их Британи нь баруунуу орнуудаас хамгийн түрүүнд манайтай дипломат харилцаа тогтоосон, манай ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн улс.
Газар зүйн онцлогоос хамааралтай мөнхийн хөрш болох “хойд айл”-ын талд гэхээсээ илүүтэй ардчилал, хүний эрхийн талд байгаа гэдгээ харуулахад энэ удаагийн Ерөнхий сайдын “аялал” чиглэх учиртай. Тэр ч утгаараа Европын сонгож, Англи руу явахаар шийдсэн гэж ойлгож байна.
Энд л бид ОХУ-аас “зай” барь гэх Европын холбоо, Америк тэргүүтний шахалтаас бултах боломжтой. Мөн хүчирхэг гуравдагч хөршийн дэмжлэгээр эрчим хүчний бие даасан байдлыг олж авах боломжтой. Энэ чиглэлээр дэмжлэг үзүүлье гэдгээ Европын холбоо удаа дараа илэрхийлсэн. Европ ногоон эрчим хүч гэх Оросын ухуулгад автаж эрчим хүчний үйлдвэрүүдээ жагсаалтаас гаргаж Оросын газыг хэрэглээд удсан. Эцэст нь хараат байдалд орсноо Европ сая нэг юм ухаарч эрчим хүчний хараат байдлаасаа гарахаар тэмцэж байна. Энэ өвлийг чардааж байгаад давчихвал тэд ирэх жилээс асуудлаа шийдчихнэ.
Бид ч гэсэн энэ зовлонгоосоо гарах ёстой. Хэзээ мөдгүй бид Европ шиг, Украин шиг зовлонд унах магадлал өсөр өндөр. Тиймээс бид гуравдагч хөршийн, барууны, Европын тусламжтайгаар ядаж эрчим хүчний асуудлаа шийдэх нь зөв.
Ерөнхий сайдын айлчлал энэ чиглэлд илүүтэй чиглэх байх гэж найдаж байна. Европ руу чиглэсэн Ерөнхий сайдын айлчлал, хүндэтгэлийг Европын улс орнууд ч таатай хүлээж авах байх. Оросын өдүүлсэн энэ дайн байлдаан, Хятадын хэзээ мөдгүй Тайвань руу гал нээж мэдэх эргэлзээтэй зурвас үед төв азид байгаа цор ганц ардчилсан улс болох Монголыг бүгд “татах”-ыг хүсч буй нь ойлгомжтой. Тиймээс л дэлхийн “томчууд” биднийг эргэж тойрч, айлчлал уулзалтыг Монголд тасралтгүй хийгээд байгаа хэрэг. Ерөнхий сайд энэ бүхнийг л бодолцож Европ руу шинэ гарц, шинэ боломжийг нээх хэрэгтэй.
Ер нь төр, засгийн тэргүүнүүдийн айлчлал гэдэг гадаад бодлогын салшгүй нэг том хэсэг. Хаана очих, хэнийг урихаас эхлээд үйл хөдлөл бүрийг олон улс анхааралтай ажиглаж, үнэлж дүгнэдэг. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн хугацаанд хийсэн гадаад айлчлалыг тойм зургаар нь ажиглавал хоёр хөрштэйгөө харилцаагаа найрсаг хэвээр нь хадгалахыг зорьсон. Үүнээс гадна гуравдагч хөршийн бодлогыг түлхүү барьж байна уу гэж анзаарагдахаар байгаа юм. Ер нь үе үеийн төр, засгийн тэргүүд гадаад айлчлалаа урд, хойд хөршөөсөө эхлүүлдэг. Харин Л.Оюун-Эрдэнэ эхний гадаад айлчлалаа Японоос эхлүүлсэн. Цар тахлын хүнд цаг үеийн туулж бараагүй байхдаа Япончууд олимпын наадам зохион байгуулж байхад нь очиж хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг олимпын нээлтэд оролцсон. Тэнд НҮБ тэргүүтэй томчуудтай уулзалтууд хийсэн байдаг.
Дараа нь ковидын голомт болсон урд хөршийнхөө өвлийн олимпын нээлтийн арга хэмжээнд очиж оролцов. Чуулганы индэр дээрээсээ Хятад руу “явна” гэдгийг зарласан даруйд урд айлынхан хурган хөл алдаж, гацаанд байсан хил гаалийн “судас” бага ч болов эргэж эхэлсэн байдаг.
Өнгөрсөн зун Сингапур, хэдхэн хоногийн өмнө ОХУ-д айлчилж тодорхой асуудлуудыг шийдлээ. Тэгвэл одоо Европоос бид юу хүлээх вэ. Ямар гарц, боломж нээх вэ. Магадгүй дээр дурдсан эрчим хүчний тусгаар тогтнолыг хүлээх боломжтой юу гэдэг асуулт гарч ирлээ.
Үүнээс гадна түүний дараагийн айлчлал аль улсыг чиглэх бол гэдэг асуулт ч бас их сонин. Эх сурвалжийн мэдээлснээр дараагийн айлчлалыг Японд хийхээр төлөвлөж буй аж. Магадгүй энэ айлчлалын гол зорилго хойно болсон цэргийн сургуулилалттай холбоотой таагүй асуудлаар ойлголцох байх биз.
Г.Лхагвадорж