Хичээл, сургуулийн улирал эхэлсэнтэй зэрэгцээд бага насны хүүхдүүдийн дунд заавал олон нийтийн массыг хамарсан асуудал тохиолддог. Гэвч энэхүү асуудлууд нь үнэхээр бодит байдал уу, хий хөөсрөлт үү гэдэг нь тодорхойгүй байсаар дарагдаж өнгөрдөг зүйл. Энэ жилийн хувьд бага насны хүүхдүүд дунд, тэр дундаа цэцэрлэгийн насныханд "Энтеро" гэх вирусийн гаралтай өвчлөл эрс нэмэгдэж, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй мөдхөн Монголыг хамрах нь гэх мэдээлэл цахим орчныг "борооны үүл шиг" л бүрхсэн.
Энэхүү вирусийн гаралтай өвчлөл нь ямар түвшинд байгаа талаарх нөхцөл байдлын мэдээллийг авахаар ХӨСҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн төвийг зорилоо.
Тус вирусийн талаар цахим сүлжээний нийтлэлээс өөр уншсан зүйлгүй би яаралтай тусламжийн үүдээр ороход төсөөлснөөс тэс өөр зүйл угтлаа. Учир нь ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй энтеровирусээр өвчилсөн хүүхдүүд эмнэлэгт оочирлоод зогсож байна гэх нэгэн ээжийн бичсэн зүйлийг уншсанаас хойш үнэхээр л хүүхдээ тэвэрсэн ээжүүдийн дарааллыг харах байх гэсэн бодолтой байлаа. Гэвч ямар ч эцэг, эх, хүүхдүүд харагдсангүй. Ганц, нэгхэн хүн коронавирусийн шинжилгээ өгөх зорилготой орж, гарч харагдсан юм.
Энтеровирусээр хэдэн хүүхэд оношлогдож эмчлүүлж байгаа, өдөрт хэдэн хүүхэд ирж үзлэгт орж байгаа, ямар шинж тэмдэг илэрдэг, урьдчилсан сэргийлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ХӨСҮТ-ийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяртай ярилцлаа.
-Сайн байна уу. Сүүлийн үед эцэг, эхчүүдийн дунд энтеровирусийн талаар үнэн зөв нь тодорхойгүй мэдээлэл байна. Энэхүү вирусийн талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч
-Энтеровирусийн халдвар нь Энтеровирусийн дэд хэв шинжээр үүсгэгдсэн 0-5 насны хүүхдүүдэд ихэвчлэн өвчилдөг вирус юм. Энэхүү вирусээр өвчилсөн хүүхэд халуурдаг, тууралт гарах, гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Иргэдийн маш сайн мэддэг гар, хөл, амын өвчин гэдгээр нь мэддэг. Гар, хөл, ам, өгзгөнд нь тууралт гарж, хавьтлын замаар халдварладаг.
"Энэ өвчин нь одоогоор дэгдэлтийн хэмжээнд очиж, нийтийг хамарсан нөхцөл байдалд хүрээгүй"
-Энэхүү вирус нь ХӨСҮТ-д хэзээ анх бүртгэгдсэн бэ. Өнөөдрийн байдлаар хэдэн хүүхэд ХӨСҮТ-ийн эмчийн хяналтад хэвтэн эмчлүүлж байна вэ?
-ХӨСҮТ-д нэг жилийн өмнө бүртгэгдсэн. Одоогийн байдлаар Энтеровирусийн халдвар гэдэг оношоор 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ердийн үед ч гэсэн иймэрхүү тоотой хэвтэн эмчлүүлдэг. Яг энэ тоо нь хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой нэмэгдсэн тоо биш юм. Энэ өвчин нь одоогоор дэгдэлтийн хэмжээнд очиж, нийтийг хамраад, олон хүүхдүүд нэг дор өвдөөд байх хэмжээнд очоогүй. Маш ховор тохиолдолд хүндэрдэг вирусийн гаралтай өвчлөл юм. Өвчлөлийн түвшин өмнөх саруудын дундаж түвшинтэй яг л адилхан байна.
-Энтеровирусийн халдвараар оношлогдсоноос хойш дунджаар хэдэн хоног эмчлүүлж байж эдгэдэг вэ?
-Онош тогтоогдсоноос хойш хөнгөн, хүнд хэлбэрээсээ хамаараад 5-7 хоногийн дотор бүрэн эдгэдэг. Маш ховор тохиолдолд хүндрэх эрсдэлтэй тул хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хөнгөн тохиолдолд гэрийн хяналтад эмчлэгдэнэ. Хүндэрсэн хэлбэр нь амь насанд аюултай биш ч гэсэн эрүүл мэндийн хүндрэлүүд тохиолддог.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Мэдээж вирусийн гаралтай өвчлөл тул хүүхдийн ариун цэврийг маш сайн сахиж гар хөлийг нь тогтмол угаах, гэр ахуйн чийгтэй цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх гэх мэт энгийн зүйлээс эхэлнэ. Хүүхдэд тууралт өгөх халуурах шинж тэмдэг илрэх үед нэн яаралтай өрхийн эмчдээ хандах шаардлагатай. Мөн халдварт өвчний дуудлага авдаг 100 дугаарын утас байгаа. Мэдээж туурсан болгоныг энтеровирус гэж үзэхгүй. Харшлын гаралтай даамжирдаг аюултай өвчлөлтүүд байдаг байж болно. Тиймээс хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлэх нь чухал. Манай байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байна. Тиймээс одоогийн нөхцөл байдалд хүндэрч дэгдэлтийн түвшинд хүрэх магадлал тун бага гэж үзэж байна.
Ийнхүү мэргэжлийн байгууллагын зүгээс энтеровирус аюултай, дэгдэлтийн түвшинд хүрээгүй тул эцэг, эхчүүд энэхүү өвчлөлийн талаар зохих мэдээлэлтэй байж, цахим хөөсрөлд авталгүй, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчийн хяналтад орохыг санууллаа.