Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ариунбямба: Фантастик шиг хамт олон Монгол Улсад маш цөөхөн

Ангилал
Нийгэм Ярилцлага Ubn story
Огноо
Унших
16 минут 42 секунд

Эсрэг дүрийг чадварлаг бүтээдгээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин С.Ариунбямбатай ярилцлаа. Тэрбээр, “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Содура”, “Ану хатан”, “2000”, “Ларьдма”, Тэгри Чину зэрэг олон уран бүтээлд тоглож өөрийнхөө ур чадварыг баталсан уран бүтээлч юм. Мөн УДЭТ-ын тайзнаа чамлахааргүй олон жүжгийг амилуулж байсан. С.Ариунбямба уран бүтээлчийн хувьд саяхан нээлтээ хийсэн "Фантастик продакшн"-ы "Зура 2: Цурам ажиллагаа" кинонд гол дүр бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ, сэтгэгдэл авч буй. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-Таны хувьд саяхан нээлтээ хийсэн "Цурам ажиллагаа" кинонд гол дүр бүтээсэн шүү дээ. Үзэгчид ч ам сайтай байна. Тэгэхээр сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас тань ярилцлагаа эхлүүлье?

-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл Найруулагч Г.Эрдэнэбилэгийн Тэгри Чину олон ангит уран сайхны кинонд оролцон тоглолоо. Тэгээд Фантастик продакшны Зура 2 уран сайхны кинонд ажиллаа.

-"Фантастик продакшн"-ы зүгээс танд хэд хэдэн удаа санал тавьж байсан гэсэн шүү дээ. Энэ саналыг хүлээж авах болсон шалтгаан нь юу байв?

-"Фантастик продакшн" надад хэд хэдэн киноны санал тавьсан. Тухайн үеийн төлөвлөсөн ажлын нөхцөл байдал, элдэв шалтгаанаас болоод хамтарч ажиллах нөхцөл бүрдэхгүй явсаар энэ цаг үед бүрдлээ.

-Аливаа киноны санал ирэхэд хамгийн эхэнд юуг харж түүнийг хүлээж авах, эс авахаа шийддэг вэ?

-Уран бүтээл туурвих бол маш хариуцлагатай ажил. Хэн дуртай нь хийчихдэг ажил бүр ч биш. Уран бүтээл хийж байгаа бол нийгэмд энэхүү бүтээлээрээ дамжуулж юу хэлж ойлгуулах ёстой вэ гэдгээ дээд зэргээр ухамсарлах ёстой юм. Бид нийгэмд хүлээсэн үүрэгтэй. Бидний мэргэжлийн онцлог,чиглэл, зорилго бол нийгмийн оюун санааг хөтөлж илааршуулан чиглүүлэхэд оршдог. Тиймээс их хариуцлагатай ханддаг.Миний хувьд нэн түрүүнд тухайн киноны зохиолыг хардаг. Энэ зохиол нь нийгэмд нүүрлээд байгаа, эсвэл нүүрлэх гэж буй эмзэг сэдвийг хөндөж чадаж уу, үгүй юу гэдийг харна. Мөн уран бүтээлийн багаа харна.

"Хөрөнгө оруулалт бага, үүндээ ач холбогдол өгч чадахгүй байгаа кино ирээдүй муутай бүтээл болдог"

-Хамтарч ажиллах санал тавьсан кино багтаа ямар шаардлага тавьдаг вэ?

-Баг маань туршлагатай, зохион байгуулалттай, уран бүтээлээ/ажлаа/ мэддэг байх хэрэгтэй.Зарим тохиолдолд, уран бүтээл огт хийж үзээгүй бүр мэддэггүй хүн кино хийх гээд явж байх жишээтэй. Энэ бол хамгийн аймшигтай зүйл. Үүнийг жирийн хэн нэгэн хүн хийчихдэг юм бол мэргэжлийн уран бүтээлчид гэж байх шаардлагагүй шүү дээ!. Би мэргэжлийн хүн учир мэргэжлийн уран бүтээл дээр ажиллах ёстой. Мэргэжлийн уран бүтээлийг мэргэжлийн баг л хийж байгаа юм.

Үүний дараа мэдээж төсөв орно. Аливаа уран бүтээлийг хийхэд төсөв зардал маш их хэрэгтэй. Сайн төсвөөр сайн уран бүтээл гарна. Бага төсвөөр сайн уран бүтээл ер нь гарахгүй дээ! Маш бага төсвөөр кино хийнэ гэж зарим хүмүүс ярьдаг бас хийсээр ч байна. Бага мөнгөөр кино хийнэ гэдэг нь мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллахгүй гэсэн санаа эсвэл уран бүтээлийн багийг танаж тэднийг цалинжуулахгүйгээр морь нохой мэт зүтгүүлэх дүр зураг харагдаж байгаа юм .Тийм болохоор шууд бүтээлийн хувь заяанд нөлөөлчхөж байна. Кино, жүжиг зураг авалтад хэрэгтэй тайз, хувцас, жижиг хэрэглэлд мөнгө зарж хийх ёстой атал мөнгө зарахгүйгээр хийнэ гэж ойлгоод байгаа юм.Ийм ойлголт нь уран бүтээлийн чанар,үр дүнд нөлөөлсөөр манай кино урлаг хямд,үнэ цэнэгүй орших нөгцөл бүрдээд байгаа юм.

Миний мэдэрснээр хөрөнгө оруулалт бага, үүндээ ач холбогдол өгч чадахгүй байгаа кино ирээдүй муутай бүтээл болдог гэж боддог. Ийм л гурван зарчмыг баримталдаг.

"Фантастик шиг хамт олон Монгол Улсад маш цөөхөн. Бидний цээжинд байж чадлаа"

-Фантастик продакшн энэ тал дээр ямар байв. Таны баримталдаг зарчимтай нийцсэн үү?

Миний зарчим гэхээсээ илүү бүх уран бүтээлчид энэ зарчмийг дотроо тээж явдаг байх. Ер нь ийм л байх ёстой болов уу. Миний багш, ахмад үеийнхэн ингэж сургасан. Бид өөрсдөө ийм орчин,нөгцөлд ажиллахыг хүсэж байгаа учир хувь уран бүтээлч бүр надтай адилхан санаа бодолтой явдаг байх.

"Фантастик" урамтай байсан. Миний хувьд дүү нартаа сэтгэл хангалуун байна. Зохион байгуулалт сайтай , стандартад ойртуулж ажиллаа. Сайхан баг хамт олонтой, сайхан нөхцөлд ажиллахад урам зоригтой байлаа.Хийсэн уран бүтээл маань хүртэл тослог, өнгөлөг мэдрэмж өглөө.

-Цаасан дээр байгаа дүрийг амилуулж үзэгчдэд хүргэхийн тулд ямар арга барил ашиглаж, хэрхэн судалгаа хийдэг вэ?

-Жүжигчин хүн бүрт дүр дээр ажилладаг тус тусын арга барил байдаг байх. Тухайн дүрийг зохиогч ямар эмзэглэлээс үүдэн бий болгож бичсэн, хэдий хэмжээний ачаа үүрэх ёстой вэ?. Зохиолоо уншсанаасаа хойш дүрээ дотроо чилийтэл тээгээд явна шүү дээ. Найруулагч, зохиолч, жүжигчин, зураачийн нэгдмэл төсөөллөөр цаасан дээр хэвтэж байгаа тухайн дүрийг босгоно шүү дээ.

-Дүр дээр ажиллахдаа зураг зурдаг гэж сонссон. Энэ талаараа хуваалцаач ?

-Анх дүр дээр ажиллаж эхэлсэн цагаасаа л өөрт буусан эмзэглэлээ зурж тэмдэглэж ажилладаг байсан маань өнөөдөр ажлын маань нэг хэсэг болжээ.Зурах юу байхав дээ. Би мэргэжлийн зураач биш шүү дээ.Өөрийнхөө хэмжээнд л өөртөө ойлгогдохоор дүрийг дүрслэнэ. Мэргэжлийн хэллэгээр "дүрийн үр"юм л даа .Тухайн дүрийнхээ гадаад төрх, дотоод зан чанарыг дүрслэн буулгана. Тэр бодсон зүйлээ нэг хүн шуу юм болгож цаасан дээр сараачаад орхино.За тэгээд өнөөх юмаа батлуулах гэж их зүйл болноо.Ерөнхий зураачийн эскиз гэж юм бна.Найруулагчийн харсан бодсон юм гэж бас байна. Батлуулахын тулд ашигладаг нэг заль бий.

Найруулагчтайгаа шууд уулзаж дүрээ батлуулахаас өмнө зураач, нүүр хувиргагчтайгаа хуйвалдаад гурвуулаа болж байгаад очдог. Эхлээд нөгөө хоёртоо өөрийнхөө санааг ойлгуулж дэмжлэг авдаг гэсэн үг. Гурван хүн нэг хүнийг ялах магадлал өндөр шүү дээ. Энэ бол миний дүр дээр ажилладаг заль. Гэхдээ гоё. /инээв/

Залуу уран бүтээлч дүү нартаа хэлэхэд, өөрийнхөө хэмжээнд төлөвлөгөө гаргаад, ажиллах дүрээ сайхан дүрслээд уран бүтээлчидтэйгээ болон Авторуудтай саналаа солилцоод нягт нямбай ойлголцож ажиллах нь илүү амттай, мөлжүүртэй байдаг юм шүү гэж зөвлөе.

-Цурам ажиллагаа киноны дүрийг бүтээхдээ хэрхэн ажилласан бэ. Өмнө нь зодооны зураг авалт ихтэй кинонд тоглож байв уу?

-Өмнө нь зодоон, тулаан, байлдаантай гээд олон дүр дээр ажиллаж байсан. Ямар ч уран бүтээл бүтэх явцдаа уран бүтээлчээс тэвчээр ,хүч, сэтгэл, ур чадварыг шаарддаг. Цурам ажиллагаа киноны хувьд бусад зодоонтой уран бүтээлүүдээс илүү деталууд дээр ажилласан. Хувийн сургуулилт их хийсэн.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна ?

-Одоогоор гаднын нэг төсөл дээр ажиллаж байна. Ирэх аравдугаар сард зураг авалт нь эхэлнэ.

-Гаднын төсөл гэдэг нь ямар улсын, ямар уран бүтээл вэ ?

-Европ руу явна даа.

"Зөвхөн киногоор ашиг олж байгаа улсууд байна. Тэд нар уран бүтээлийн уурхайгаар баялгийг бүрдүүлдэг, манайх шиг алт, нүүрсээ ухдаггүй"

-Манай улсын кино урлагийн салбарт үгүйлэгдэж байгаа зүйл юу байна вэ. Яавал энэ салбар илүү хөгжих боломжтой байна гэж харж байна вэ?

-Манай улсад кино урлаг хөгжиж л байна. Энэ хөгжлийг хувь уран бүтээлчид тус тусдаа өөрсдөө л авчирч байна. Гадаад харилцаагаа өөрсдөө бий болгож, өөрсдөө хөрөнгө оруулалтаа босгож, чадан ядан хөгжүүлцгээж л байна. Бусад улс орнуудад бол улсаас нь бодлогоор дэмжээд ,хөрөнгө оруулалтыг нь хийгээд өгчихдөг нь сайхан л юм. Бүх боломж нь нээлттэй. Зөвхөн кино урлагаараа дамжуулаад ашиг олж эдийн засгаа хөгжүүлж байгаа олон орон байна. Өөрөөр хэлбэл уран бүтээлийн уурхайгаар баялгийг бүтээж байна.Олон улсад аливаа зүйлийг хийхэд заавал стандарт байх юм. Бүх зүйл стандарттай түүний дагуу л ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулалт, мэргэжлийн ажиллагаа дутагдаж байна.

Гадныхны 100 сая ам.доллароор хийсэн киног манайхны нэг сая ам.доллароор хийсэн кинотой харьцуулж болохгүй. Бид жижигхэн хөрөнгө оруулалтынхаа хэмжээнд алхам алхмаар хөгжиж байгаа.

Бусдаар уран бүтээлчдийн ажиллагаа, техник хэрэгсэл дэлхийтэй ойрхон ирсэн байна. Стандарт, хөрөнгө оруулалт алга. Гаднын уран бүтээлд тоглож байхдаа түүнийг нь харж бишрэхээс өөр яахав. Үнэхээр зохион байгуулж чаддаг юм байна.

"Жүжигчний мэргэжил тэтгэвэрт гардаггүй"

-Таны хувьд анх 2002 онд "Гашуун аялгуу" кинонд тоглож байсан юм билээ. Түүнээс хойш 20 жилийн хугацаа өнгөрчээ. 20 жил гэдэг бол их хугацаа шүү дээ. Энэ хугацаанд олон уран бүтээл дээр ажиллаж, олон ч дүр бүтээсэн. Тэгэхээр анхны дүр бүтэх явц болоод тэр үеийн мэдрэмж одоогийнхтой харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?

-Энэ мэргэжлээрээ 25 жил тоглож байна. Сураагүй, өөрийн болгож чадаагүй зүйл их байна. 50 нас гарч байж мэргэжлээ ойлгох байх гэж боддог. Жүжигчний мэргэжил тэтгэвэрт гардаггүй шүү дээ. Багш маань хэлэхдээ "Амьдралын бүхий л нугачааг туучин мэдэр. Тэгж байж жинхэнэ жүжигчин болж, жүжигчний мэргэжлийг ойлгоно. Танхимаар сураад 4,5 жил ажиллаад энэ мэргэжлийг ойлгохгүй" гэдэг байсан. Яг л хэлснээр нь болж байна.

-Танай гэр бүлийнхэн урлагийн хүмүүс учраас жүжигчний мэргэжлийг сонгосон уу. Эсвэл өөр шалтгаан байв уу?

-Аав, ээж маань хоёулаа урлагийн хүмүүс. Жаахан хүүхэд байхаасаа тайзны жүжиг үзэж, жүжгийн сургуулилт хийж байгааг харж өссөн. 3,4 настай мэдээ орсон цагаасаа театрын урлагийн гайхамшгийг мэдэрч,жүжигчин болно гэж урлаг гэдэг вирусийг биедээ тээж хүн болсон юм шиг санагддаг.

Одоог хүртэл жүжигчин болох гээд явж байна даа.

-Театрын тайзан дээр олон жүжгийн дүр бүтээж байсан тэрхүү мөчөөсөө хуваалцаач. Хамгийн сүүлд хэзээ жүжигт тоглов?

-Театрт тоглоогүй яг 10 жил болчихсон байна. Театр бол үнэхээр гайхамшигтай. Театрын тайзан дээр тоглоход жүжигчин цаг ямагт, өдрөөс өдөрт өсч суралцаж байдаг. Алдаа гаргасан бол маргаашийн тоглолтон дээр засч болдог. Ойлгоогүй зүйл байвал дараагийн тоглолтоос ойлгож чаддаг.Кино бол хэзээ ч засах боломжгүй. Нэг алдсан бол насны алдаа, харин нэг оносон бол насны оноо байдаг.

Мөн театрын жүжиг эхэлсэн бол хөшиг нээгдхээс эхлээд бүх үйл явдал дарааллийн дагуу явсаар дуусдаг. Киноны хувьд зураг авалт эхэлсэн өдрөө үхдэг зургаа авахуулж ч мэднэ.

"Театраа маш их санадаг, ажиллахыг хүсдэг"

-Театр бол гайхамшиг гэлээ. Дахиад театраа тоглох уу. Тийм боломж бий юу?

-Театраа маш их санадаг, ажиллахыг хүсдэг. Театрт тоглож байна гэж зүүдэлдэг. Хэзээ нэг өдөр театрынхаа тайзан дээр гарах байх. Театрт тоглох боломж их байгаа. Олон сайхан тайзны бүтээлийн урилга ирдэг. Гэвч өнөөх нөхцөл бололцоо нь бүрдэхгүй, цаг хугацаа нь таарахгүй болчхоод хойш тавьж байгаа. Өдөр бүр тоглох учир төлөвлөсөн ажил амжихгүй байх магадлал их.

-Таныг эсрэг дүрийн жүжигчин гэх ойлголт нийтэд тогтчихлоо гэж хардаг. Та өөрөө энэ дээр ямар бодолтой байна вэ?

-Эсрэг дүр бол эерэг дүрийг хурцалдаг, бүтээлийн ноён нуруунд хүчтэй байр суурь эзэлдэг. Эсрэг дүр өндөр байх тусам эерэг дүр дагаад өндийдөг. Эерэг дүр стандарттай, гоё харагдах ёстой, баатарлаг шинжтэй байдаг бол эсрэг дүрд стандарт байдаггүй. Ямар ч байж болно. Тэр нь таалагддаг. Эсрэг дүр нь эерэг дүрийг татаж өндийлгөж, өнгөлөн зүлгэж чаддаг учир эсрэг дүрд тоглох хамгийн сайхан. Эсрэг дүрд тоглох дуртай.

-Олон нийт уран бүтээлчдээс соён гэгээрүүлэх гэдэг ч юм уу аливаа үүрэг хариуцлагыг шаарддаг. Ярилцлагын эхэнд таны хувьд энэ талаар дурьдаад өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр уран бүтээлч хүн заавал нийгэмд хүлээсэн үүрэгтэй байх ёстой гэсэн үзэлтэй санал нэг байдаг гэж ойлгож болох уу?

-Ер нь тийм. Бид бол урлагийн хүн. Харин хүмүүсийн сэтгэл зүрх, нийгмийн төлөв байдалд ямар хэв шинжээр, ямар хувь хэмжээтэй оролцох ёстой вэ гэдэгт их ач холбогдол өгдөг. Бидний хийж буй уран бүтээл хүмүүсийг ухааруулж,зүрх сэтгэл,уураг тархийг нь эмчилж эрүүлжүүлж байдаг. Харин бид ёс зүйтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ улсын иргэний хувьд ард түмэндээ санаа тавьж, хөгжилд хувь нэмэр оруулах ёстой. Хөгжлийг байшин барих, мод тарих гэж ойлгож болохгүй. Энэ улс орны нэг хүний тархи,нэг хүний сэтгэл зүрхэнд гэрэл асааж чадвал хөгжил тэр гэж боддог.

- Ярилцсанд баярлалаа.

Б.Энхбаяр: Төрийн өмчийн сургуулийн захирал нь ТӨР-тэйгээ “дайтах” хэмжээнд томортлоо төрийн өмч эзэнгүйджээ
Б.Энхбаяр: Төрийн өмчийн сургуулийн захирал нь ТӨР-тэйгээ “дайтах” хэмжээнд томортлоо төрийн өмч эзэнгүйджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.