Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өөрчлөөд багагүй хугацаа өнгөрчээ. 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байхад үдийн хоолны асуудал нэгэнт яригдаад эхлэв.
Хар цай, халуун боорцог өгдөг байсан явдал аяга хоолоор солигдсон ч “ЖАНХУУ” хэмээх нэр зүүгээд авлаа. “Бэлтэй нь бэлэн хоол идэж, бэлгүй нь жанхуу иддэг” гэх агуулгатай үгс нийгмийг тэр аяар нь бухимдуулаад удаагүй байтал нээрээ л "жанхуу" гэж хэлж болмоор үдийн хоолны зураг цахим орчинд тархав.
Нэг талаас тэр үгийг нь батлах явуулга гэж харж болох ч нөгөө талаас бодит үнэн энэ аж.
Үнэхээр улсын сургуулиудын үдийн хоолны асуудлыг шийдвэрлэхгүй бол олон хүүхдийн эрх ашиг зөвхөн уг асуудал дээр хөндөгдөж байгаа нь илт.
Иймд бид ЕБС-ийн үдийн хоолны чанар, асуудлын талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
2021 онд нэг сурагчид ногдох үдийн цайны зардал болох 900 төгрөгийг 1500 төгрөг болгон нэмэгдүүлж, үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.
Үдийн хоолны үнэ нэмэгдсэн ч чанар өөрчлөгдсөнгүй
Бага ангийн сурагчид үдийн хоолноос 610 ккал, дунд ангийн сурагчид 817 ккал, ахлах ангийн сурагчид 871 ккал илчлэг авах ёстой. Гэтэл үнэн хэрэгтээ үдийн хоолноос дээрх хэмжээнд хүрэхүйц шимт бодисыг авч чадахгүй байгаа нь нууц биш.
Анх үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгоход I, II хоол болон ногооны салатыг хамтатган өгнө гэж амлаж байв. Гэтэл үнэн хэрэгтээ хоёр хоол битгий хэл нэг хоолных нь порц ч нэмэгдээгүй аж. Хэзээнээс л манайд үнэ, өртөг нэмэгдсэн ч чанар сайжирдаггүй гэх бичигдээгүй хууль үйлчлэх болсон. Энэ ч мөн боловсролын салбарт үйлчилсээр.
Угтаа хүүхдийн үдийн хоол нь ирээдүй хойч үеийн эрүүл мэнд, амьдралын чанарыг тодорхойлох хамгийн чухал зүйл. Эрүүл, зөв, илчлэг сайтай хоол идсэнээр эрүүл монгол хүн бий болох учиртай.
Гэтэл бага ангийн сурагчид үдийн хоолноос авах шимт бодисоо ч авч чаддаггүйн дээр бүрэн ч цадаж чаддаггүй. Нэмж идэхийг хүссэн ч ангийн сурагчдад арай хийн хүрдэг. Үүнд анхаарлаа хандуулна гэж салбарын сайд амлаж байсан ч өнөөдөр бодит байдал ийм л байна.
Сурагчдын үдийн хоолны асуудал бол хэзээ ч орхиж болохгүй сэдэв. Олон бяцхан үрс сургууль дээрээ үдийн хоолоо тэсэн ядан хүлээж, хүндхэн өдрийг өнгөрөөдөг. Хэдий сурч боловсрох эрх нь хамгийн чухал ч эрч хүч, эрүүл мэндээ хамгаалуулах нь ч бүр чухал. 1500 төгрөг бага сонсогдож болох ч маш их мөнгө. Үдийн хоолны зардал нэмэгдэх тусам дагаад чанар сайжрах ёстой. Гэтэл энэ байдал эсэргээрээ үйлчилсээр.
Улсын сургуулийн сурагчид үнэхээр ЖАНХУУ идээд байна уу
Гэтэл өнгөрөгч долоо хоногт “түүхий гурилтай хоол хүүхдүүдийн үдийн хоолонд өгсөн” гэх тайлбар бүхий нэгэн ээжийн гомдол цахим орчинд тархав. Үүнийг хүмүүс худал явуулга гэж харж байгаа ч үнэн хэрэгтээ бодит байдал юм. Тиймээс бид тухайн гомдол гаргасан ээжээс мэдээлэл авахад дараах зүйлийг хэллээ.
Тэрбээр “Есдүгээр сарын 08-нд 13.30 цагаас ордог ээлжинд, гуравдугаар ангийнханд өгсөн гоймонтой хуурга түүхий байсан. Хүүхдийнхээ хоолны аягыг угаах гээд гаргаад иртэл бөөгнөрсөн хачин хоол байсан. Яагаад идээгүй юм бэ гээд асуутал нэг, хоёр халбагадаж үзээд бөөлжих гээд байсан юм гэж хүүхэд маань хэлсэн.
Тэгээд би ч бас түүхий гурил биш байх, бяслаг юм болов уу гээд амсаад үзтэл үнэхээр л түүхий гурил байсан.
Өмнө нь би “School police” хийж байхад амталгаа хийлгээд, дэвтэр дээр санал хүсэлт бичүүлж авахад амт, чанар сайтай хоол өгч байсан юм. Гэтэл тухайн өдөр л ийм хоол өгсөн байна лээ. Өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй.
Би хоолны зургийг сургуулийн эцэг, эхчүүдийн групп дээр тавьсан. Гэтэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр миний постыг пэйж дээрээ тавьсан байна лээ. Тэр постны доор хүмүүс “Жанхуу иддэг гэж хэлсэн эмэгтэйн” явуулга байна гэх мэтээр маш их сэтгэгдэл бичиж, над руу их дайрсан байсан. Тийм учир тухайн сайтад хэлж устгуулсан байгаа.
Угтаа нэг хүний үгийг гэнэт батлах гэж тавьсан зүйл биш. Бодит үнэн энэ шүү дээ. Олон эцэг эх миний постны доор энэ тухай ярилцсан. Хүүхдүүд нь хоолоо асгасан, хоол нь зарим ангид хүрээгүй түүнээс гадна хүүхдүүдийг хоолноос хордлого авсан байж магадгүй гэх мэт зүйлүүдийг ярьсан. Хүүхдүүдэд өгч байгаа үдийн хоол гэдэг бол маш чухал зүйл. Хамгийн наад зах нь хүүхдийн эрүүл мэндийн асуудал яригдана. Тийм ч учраас энэ байдлыг ганцхан манай хүүхдийн сургууль ч гэлтгүй бүх сургуулиуд анхаарч ажиллах хэрэгтэй байх” гэв.
Иймд бид 133-р сургуулийг зорьж, асуудлын талаар тодруулахаар очиход сургууль дээр МХЕГ-аас ирж, хоолны дээжээс авч, шалгалт хийгээд явсан байлаа. Тиймээс бид сургалтын менежерээс дараах мэдээллийг авсан юм.
Зургаа нийтлүүлэхийг хүссэнгүй
Тэрбээр “МХЕГ-аас ирж хоолноос дээж аваад, хэрэгтэй баримт материалуудаа бүрдүүлээд явсан. Тухайн ээжийн хувьд ч тэр өргөдлөө өгөөд буцсан. Эцэг, эхийн зүгээс ийм асуудал ахиж битгий гаргаарай гэх зүйлийг хэлсэн.
Мэдээж бид тогооч нартаа, ялангуяа ахлах тогоочдоо шаардлага тавьж, энэ асуудлыг сайтар анхаарч ажиллана. Түүнээс гадна эцэг эхчүүд хүүхдүүдээ хоолны хордлогод орлоо гэх зүйл ярьж байгаа. Тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг харж ажиллана.
Манай сургуулийн хувьд хоол зүйчтэй, байнгын амталгаатайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс цаашдаа тогооч нартаа арга зүйн зөвлөгөө өгөөд, эрүүл ахуйн шаардлагаа хангаад ажиллана” гэлээ.
“Тухайн сургуулийн хувьд мэргэжлийн хоол зүйчийн гаргасан технологийн картын дагуу хоол үйлдвэрлэлээ явуулдаг аж”
Уг асуудалд сургуулийн ахлах тогооч У.Ганганцэцэг тус сургуулийн эцэг эхчүүдийн групп дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн байсан бөгөөд тэрбээр “Манай хамт олон мэргэжлийн хоол зүйчийн гаргасан технологийн картын дагуу хоол үйлдвэрлэлээ явуулдаг. Өглөө өдрийн хоолны амталгааг эмч, сургалтын менежерүүд амтлаад тэдгээрийн зөвшөөрлөөр ангиуддаа хоолоо түгээдэг. Мөн school police хийдэг эцэг, эхчүүд маань амталгаа хийж, санал хүсэлтээ дэвтэрт бичиж баримтжуулдаг. Бид хоолны норм, стандартаар үйл ажиллагаа явуулж байгаа” гэжээ.
Тиймээс бид тогооч нараас уг асуудлаар мэдээлэл авах гэсэн болов ч мэргэжлийн байгууллага ирээд шалгалт хийгээд явсан тул бидний зүгээс ямар нэгэн тайлбар хийх боломжгүй гэдэг зүйлийг хэлсэн юм.
Харин МХЕГ-аас сургуулиудын үдийн хоолонд хийж буй шалгалтын талаар тодруулахад, "Есдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сургуулиудад хийх шалгалтын ажил эхэлсэн. Одоогоор ямар нэг дүгнэлт гараагүй байна. Тодорхой үр дүн гарсны дараа мэдээлэл өгнө" гэлээ.
Сурагчид үдийн хоолондоо ДУРТАЙ
Харин сурагчдын зарим нь үдийн хоолондоо дуртай байдаг тухайгаа хэллээ. Сурагч “Үдийн хоолондоо дуртай, гоё амттай санагддаг. Өнөөдөр шөлтэй хоол идсэн. Гоё амттай байсан. Гэхдээ заримдаа цаддаггүй юм аа” гэсэн юм.
Хэдий сурагчид үдийн хоолондоо дуртай ч зарим үед амт чанар, илчлэгтээ төдийлөн хүрч чаддаггүй байна. "Үнэ нэмэгдсэн ч хоолны чанар, хэмжээ нэмэгдэхгүй бол хувьсах зардлыг нэмэгдүүлэх шаардлага байна уу" гэх асуудал үүн дээр гарч ирж байна. Тийм ч учир үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулиуд сурагчдын үдийн хоолны чанар стандарт, аюулгүй байдал, эрүүл ахуй, өгөх ёстой илчлэгт анхаарлаа хандуулан эрүүл аюулгүй хүнсээр сурагчдадаа үйлчлэх нь зүйн хэрэг биз ээ.
Ямар ч эцэг эх үр хүүхдэдээ 1500 төгрөгийн үнэтэй "ЖАНХУУ" идүүлэхийг хүсэхгүй нь лавтай. Ийм учир сурагчдын үдийн хоолонд анхаарах цаг нь болсон. Энэ мөнгө тийм ч их мөнгө биш ч бас бага ч мөнгө биш. Тиймээс хаана хаанаа хариуцлагатай байж, эцэг эхчүүд сургуульд хяналт тавьдаг, сургуулийн захиргаа тогооч нартаа хяналт тавин ажиллах ёстойг энэхүү жишээ батлан харуулав.
Бид энэхүү сурвалжилгаараа тус сургуулийн нэр хүндэд халдахыг хүссэнгүй. Харин энэ сургуулийн жишээг бусад сургуулиуд давтахгүй байгаасай гэсэндээ нийтлэв.