Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан "Цэгц" клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна гэх мэдээг энэ сарын 7-ны 12 цаг орчим Консулын газраас мэдэгдсэн.
Улмаар Монголын уулчдын Үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадоржийн хамтаар өчигдөр буюу 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатараас мордсон юм.
Тэгвэл аврах ажиллагаа юу болж байгаа талаар Монголын уулчдын Үндэсний холбооноос мэдээлэл өглөө. Тэд "Аврах баг Оше хотод бэлтгэл ажлаа хийн, ажиллагаанд оролцох хоёр хүн олсон. Яг энэ цаг үед давхцаад Коржиневский оргилд явсан уулчид аврах тусламжийн дохио илгээсэн байна. Киргизээс уулчдын баг бүрдүүлж эхэлсэн уулчид хүрэлцээ муу байгаа бөгөөд маргааш гэхэд уулчин Х.БУМХИШИГ дээр очих төлөвлөгөөтэй явж байна. Одоогийн байдлаар 2.3 сая төгрөгийн хандив цуглаад байна" гэлээ.
Одоогийн байдлаар аврах ажиллагааг Кыргызстан улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтарч зохион байгуулж байгаа аж. Уулчин Х. Бумхишигийн биеийн байдал сайн, хоол ундны байдал хүрэлцээтэй бөгөөд 5 дахь хоног дээрээ ууланд гацжээ.