Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баярбат: Гашуунсухайт төмөр зам жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэнэ

Огноо
Унших
5 минут 13 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2022” чуулга уулзалтын үеэр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбаттай “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сангийн асуудлаа ярилцлаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьсан. “Эрдэнэс Монгол” компани бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжүүлэгч гол концепц юм. Ерөнхийдөө "Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно.

-“Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Толгой компани болсноор охин болон хараат компаниудаа хэрхэн удирдаж авч явах, засаглалыг хэрхэн сайжруулах компанийн дүрэм батлагдсан. Компанийн дүрмийн хүрээнд 11 төрлийн бодлогын баримт бичиг боловсруулах ёстой байгаа. Толгой компанийн хувьд доороо байгаа бүх охин компаниудынхаа худалдан авалт, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, орлого төвлөрүүлэлт, засаглал, ашигт ажиллагаатай байх зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулж байна.

Мөн Тавантолгой компани дээр хоёр том бүтээн байгуулалтын ажил явж байна. Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалт дээр хөрөнгө оруулагчид сонирхолтой байгаа. Манай компанид нээлттэй тендер зарлагдаж, ном журмаараа орж ирэх боломжтой.

-Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөж байгаа энэ үед нүүрсний гаралт буюу экспортыг нэмэгдүүлэх боломж байна уу?

-Гурван сараас хойш "Гашуунсухайт" автозамын тээвэрлэлтийн асуудал хүнд байсан ч тавдугаар сараас жигдэрсэн.

Одоогийн байдлаар хоногт 1000 орчим автомашин Гашуунсухайт автозамаар гарч байгаа.

Үнийн хувьд 100 орчим ам.доллароор худалдан борлуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан бол 160 ам.доллароор зарж байна. Тэгэхээр экспортын орлого нэмэгдэнэ. Мөн боомтын асуудал жигдэрснээр нэвтрэлт хангалттай сайн явж байгаа гэж үзэж байна.

-Удахгүй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бүрэн ашиглалтад орно. Энд ямар хүлээлттэй байгаа вэ?

-Одоо байгаа 3 эх үүсвэрээрээ явж байхад манай эдийн засагт болж байгаа. Дээрээс нь Гашуунсухайтын төмөр замын ажил 92 хувьтай үргэлжилж байгаа.

Тун удахгүй ашиглалтад орох Гашуунсухайт төмөр зам жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэнэ.

-Төмөр зам ашиглалтад орсноор Гашуунсухайт авто замын тээвэрт өөрчлөлт орох уу?

-Гашуунсухайт замаараа тээвэрлэлт давхар явна. Тиймээс тээвэрчид маань төмөр зам ашиглалтад орсноор энэ чиглэлийн автозамаар байхгүй болно гэж айх шаардлагагүй. Энэ тээврээ зогсоохгүй авч явна. Өмнө хэлсэнчлэн төмөр зам нь жилд 30 сая тонн нүүрс экспортод гаргах хүчин чадалтай бол Тавантолгой компани жилд 50-70 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай.

-Терминал, жолооч тээвэр аль аль нь явна гэж ойлголоо. Урд хөрш энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-БНХАУ-ын Засгийн газраас контейнертой тээврээр яв гэх шаардлагыг тавьж байгаа. Цар тахлын асуудал ерөнхийдөө намжвал бүх зүйл жигдэрнэ. Бидэнд ирээдүй харагдаж байна.

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт танай компанид ямар байна вэ?

-Энэхүү хэмнэлтийн хуулийн хүрээнд нэлээд ажлууд хийгдэж байна. Тухайлбал, маш олон охин болон хараат компаниуд тус тусдаа ТУЗ-тэй байсан. Засгийн газраас энэ олон ТУЗ-ийг нэгтгэж, 27 ТУЗ-ийн гишүүнтэй байхаар ажилла гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу Зэс металлын группийн ТУЗ-ийн гишүүн 9, нүүрсний группийн ТУЗ 9, "Эрдэнэс Монгол" компани 9 ТУЗ-ийн гишүүнтэйгээр тус тус үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэснээр 160-180 орчим ТУЗ-ийн гишүүн чөлөөлөгдөж байна гэсэн үг. Түүнчлэн Эрдэнэс Монгол Холдинг компанийн малгайн дор байгаа охин компанийн 15 дэд болон орлогч захирал, зөвлөхийг чөлөөлсөн. Энэ нь жилд 800 орчим сая төгрөгийн зардал хэмнэж байна гэсэн тооцоолол гарсан.

Нэгдлийн хэмжээний компаниуд хотын төвд өндөр түрээсээр оффист суудаг асуудлыг цэгцэлж, нэг дор хамгийн бага зардлаар суух боломжоор хангаж байна. Энэ нь жилд 360 орчим сая төгрөг хэмнэх тооцоололтой байна.

- Ярилцсанд баярлалаа.

SOCIAL POP: Э.Бат-Үүл метроны шугам байгааг Д.Сумъяабазар олж харахгүй байна гэв
SOCIAL POP: Э.Бат-Үүл метроны шугам байгааг Д.Сумъяабазар олж харахгүй байна гэв
 
Ирэх 1-р сарын 1-нээс ОЮУТНУУД автобусаар төлбөртэй зорчиж эхэлнэ
Ирэх 1-р сарын 1-нээс ОЮУТНУУД автобусаар төлбөртэй зорчиж эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.