БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон өөрийн холбогдоод буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ мэдээллийг олон нийтэд ил болгосон сэтгүүлчийн талаар хувийн шинж чанартай мэдээлэл хэлж, доромжилсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд амжсан. Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлахаар ОХУ-ын талд хандана гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан zarig.mn сайтад өгсөн яриандаа "Монгол Улсын Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх ёстой. Ялангуяа гарал үүсэл, яг угсаа үндсээрээ ялгаварлан гадуурхалтад өртдөггүй байх ёстой. Гэтэл өчигдөр Ж.Соронзон захиралын хийсэн мэдээллийг хараад Монгол Улсын Засгийн газрын баримталж ажиллаж буй зарчимтай нийцэхгүй байна гэдгийг ойлгож авлаа. Өнөөдөр БШУ-ны сайд шийдвэр гаргаж, ажлаас нь чөлөөлөх тушаалыг өнөө өглөө гаргасан. Тушаалыг нь өнөөдөр гардуулж өгнө.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн ТУЗ-ын даргын албан тушаалыг хашиж байгаа. Оросын талтай мэдээж зөвшилцөж, энэ асуудлыг Оросын Элчин сайдын яам болон бусад байгууллагууд ойлгох байх. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, монгол хүүхдүүдийг сургаж байгаа сургууль учраас Үндсэн хуульд нийцэж ажиллах ёстой" гэв.