Улаанбаатар хотыг тэлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг болох "Сонсголонт хот" төслийг танилцууллаа. Уг хот нь нь Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн 10 мянган га газрыг хамруулан бүтээн байгуулах бөгөөд Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм. Мөн Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах , хотын хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх, гэр хорооллын иргэдийг орон сууцанд хамруулж агаар хөрсний бохирдол авто замын түгжрэлийг бууруулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж шинээр ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт олон давуу тал болох юм.
"Улаанбаатар хотоос 5 дахин том хот байгуулна"
Нийслэлийн ерөнхий архитектур Н.Нацагдорж
"Улаанбаатар хотын суурьшсан хэсэг нийт 35 мянган га газар байдаг. Энэхүү 35 мянган га газрын 2 мянган га газар орчимд нь орон сууц, төрийн байгууллага гэх мэт бүх үйлчилгээний газрууд нь байдаг. Нийслэл хот маань 1 сая 600 мянган хүнтэй. Энэ бүх хүмүүс 2 мянган га газартаа төвлөрсөн байгаа. Үүнийгээ дагаад маш их түгжрэл, нягтаршил , агаарын бохирдол гэх мэт бүх хүндрэлүүд бий болчхоод байгаа юм.Тиймээс Улаанбаатар хотыг дэд бүтцээ дагаад баруун тийшээ тэлэх төлөвлөгөө хийсэн.
Одоо байгаа хотоос 5 дахин том хотыг бүтээн байгуулах гэж байна. Мөн Туул голыг даланжуулах, гүүрнүүд тавигдах ёстой. Хан-Уул дүүргийн 4, 10-р хороо 16,21 хороо, Баянгол дүүргийн 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 1-4, 1-23, 29-31, 34, 38, 43 дугаар хороодын нутаг дэвсгэрийг хамруулна. Эдгээр хороодод оршин суугаа иргэд, ААН-ийг нүүлгэн шилжүүлэхгүйгээр хамтран ажиллах саналыг тавина.
"Сонсголонт хотод шинэ төрийн ордон барина"
Монгол Улс шинэ төрийн ордон барих шаардлагатай талаар олон жил яригдаж байна. Одоо байгаа парламентын ордон 8 га газрыг хамарсан байдаг. Шинээр барих төрийн ордон 50 га газрыг хамруулахаар төлөвлөж байна. Энэхүү хотыг олон замын сүлжээтэй, орчин үеийн төлөвлөлтийн зарчмыг барьсан. Мөн дэлхийн олон улсад агаараа чийгшүүлэх үүднээс хот дундуураа явж буй гол, усыг даланжуулдаг. Тиймээс "Туул" голыг даланжуулах хоёр үндсэн шаардлага бий. Хотын агаарын чийгшил багассанаас үүдэн хур тунадасны хэмжээ багассан. Мөн туул голд үерийн далан байхгүй учраас үер болох үед хот усанд автах эрсдэл өндөр байгаа юм" хэмээлээ.
Төслийн архитектур орон зай, газрын түвшин дэх бүтээн байгуулалт,, барилга байгууламжийн дээврийн ашиглалт гээд 3 түвшинд төлөвлөж хотхон, хорооллыг 200м харьцах нь 300 метрийн хэмжээтэй блокийн системээр хөгжүүлж хорооллын доторх, ногоон байгууламж, гудамж замын сүлжээг, уялдуулж, аюулгүй байдал, явган хүний замыг худалдаа үйлчилгээний байгууллагуудтай холбосон байдлаар төсөлд тусгасан аж.
Сонсголонт хотын төлөвлөлтийн хүрээнд " Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын 200 мянган айлыг орон сууцанд оруулахын тулд айл бүр хашаандаа 5 мод тарихыг уриалах, хашаандаа мод тарьж ургуулснаар ипотекийн зээлд хамрагдах суурь нөхцөлөө хангах боломжтой. Мөн мод тарьснаар Улаанбаатар хот хойд хэсгээрээ таримал ой бүхий, хүчилтөрөгч үйлдвэрлэгч хот болох бөгөөд тооцооллоор төслийн хүрээнд 48,5 сая мод нэмэгдэж, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд гар бие оролцох болом олдож байгаа юм.
Хот байгуулалтад үзүүлэх эерэг нөлөө
- Өвлийн хотын онцлогт тохирсон орон зайн гурван түвшинтэй хот байгуулах
- Инженерийн хангамжийн үр ашигтай ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн бүсийг үнэ цэнтэй хотын шинэ бүс болгон хөгжүүлэх
- Суурьшлын бүсийг хотын төвөөс 10 километрийн зайд тэлж барилгажилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх
- Гэр хорооллын иргэдийг орон сууцанд хамруулах гэх мэт.
Байгаль, экологид үзүүлэх эерэг нөлөө
- Туул голын даланжуулж үерийн эрсдэлийг бууруулах
- Туул голыг даланжуулж агаарын чийгшлийг нэмэгдүүлж, орчны тоосжилтыг бууруулна
- Хотын ногоон байгууламжыг нэмэгдүүлнэ
- Гэр хорооллын хэсгийг ногоон ой болгон хөгжүүлж агаар болон хөрсний бохирдлыг бууруулна.
Танилцуулга видео: