ЕБС болон СӨБ-ийн багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнг танилцууллаа. Энэ үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Энэ шалгалтыг МХЕГ болон БШУЯ хамтран хийсэн. Шалгалтын үр дүнд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зөрчил илэрсэн учир энэ илэрсэн 724 зөрчилтэй бичиг баримтыг холбогдох хууль, хяналтын байгууллагад эрүүгийн хуульд заасны дагуу шилжүүлэх үүрэгтэй байдаг. Ийм учир цагдаагийн байгууллагад шилжүүлж байгаа.
Сайдын хэлсэнчлэн нэлээдгүй илэрсэн зөрчил нь дипломын дугаар давхардсан зөрчил юм. Энэ нь бусдын овог, нэрийг ашигласан, гарын үсгийг дуурайсан, дугаарыг өөрчилсөн гэх мэт. Мөн бүртгэлгүй дипломын дугаарыг хуурамчаар үйлдсэн бол боловсролын байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалсан буруутай үйлдэл илэрсэн. Өөрөөр хэлбэл, хуурамч гэдгийг нь мэдсээр байж тамга тэмдэг дарсан гэх мэт зөрчлүүд байгаа юм.
Түүнээс гадна, мэргэжлийн дипломоо аваагүй буюу их дээд сургуульд дөнгөж суралцаж буй оюутан залуусыг багшаар ажиллуулсан гэх мэт зөрчлүүд илэрсэн. Ийм учраас эдгээр 724 дипломын зөрчилд ямар албан тушаалтан, мэргэжилтнүүд хамтран оролцсон байгааг тогтоосны дараа нэр устай нь зарлана" гэлээ.