Алдарт Нирвана хамтлагийн 1991 онд гарсан Nevermind цомог дэлхий даяар 30 сая гаруй хувиар борлуулагдсан байдаг. Энэхүү цомгийн нүүрэнд Спенсер Элден гэх хүүгийн дөрвөн сартай үеийн нүцгэн зураг байдаг.
Өдгөө 31 настай Спенсер Элден Нирвана хамтлагийг болон гэрэл зурагчныг бэлгийн мөлжлөгийн хэргээр өнгөрсөн оны наймдугаар сард буюу нэг жилийн өмнө шүүхэд өгсөн. Тухайн үед Нирвана хамтлаг дөрвөн сартай Элдений эмзэг эрхтнийг далдална гэж амласан боловч хэлсэндээ хүрээгүй гэх шалтгаанаар тус цомогтой холбоотой хүн бүрээс 150 мянган ам.долларыг нэхэмжилж шүүхдэлцсэн юм.
Гэтэл Лос Анжелесын шүүхээс зөрчил үүссэнээс 10 жилийн дотор зарга үүсгээгүй хэмээн үзжээ. Улмаар Нирвана хамтлагийн эсрэг гомдол гаргасан Спенсер Элден шүүхэд ялагджээ.