Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН О.Содбилэгийг орхиж Ц.Цэрэнпунцагийг албадан авчирлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 49 секунд


Ковид-19 цар тахал аль намаас хэн нэр дэвших вэ? гэсэн сунгааны зодооныг ч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болжээ.

Хөл хорионы улмаас хамгийн түрүүнд мандатын эрхээ алдсан хүн бол МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан, УИХ-ын гишүүн Ц.Батаа \Симба Батаа\-гийн төрсөн дүү, У.Хүрэлсүхийг МАСЗХ-ны Ерөнхийлөгч байхаас удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж явсан гээд намтар зузаантай эрхэм 2020 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшихээр бэлтгэж байсан. Гэтэл Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирэхдээ маргаан хийж хуваарилсан суудалд суулгүй бизнес ангилалд дураараа суусан, газардсаны дараа зорчигчдыг угтах танхимаар оролгүй нисэхийн ажилчдын шатаар гарахыг оролдож багагүй хэл ам үүсгэн улмаар намын даргаасаа хатуухан банга хүртэж нарийн бичгийн даргаасаа буусан билээ. Хэдийгээр Ковид-19 вирусын үеийн хөл хориог зөрчсөн гэдэг үндэслэлээр “хусагдсан” гэх боловч мань эр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай туйлын таарамж муутай, түүний алдаан дээр намын удирдлагууд нь бодлогоор “тоглолт хийсэн” гэж зарим эх сурвалж мэдээллэж байна.

Ц.Бат-Энх хөл хорионд байх хугацаандаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, цахим хэлтсийн дарга Ц.Чулуунзагд нар руу удаа дараа утсаар ярьж, хэвлэлээр яваад байгаа мэдээллийг саармагжуулах, залруулга хийхийг хүссэн боловч нөгөөдүүл нь огт хөдлөөгүй, харин улам дэвэргэж өөрсдийн холбоотой сайт, хэвлэлээр Ц.Бат-Энхэд хариуцлага тооцсон тухай мэдээллийг идэвхтэй “сэвсэн” гэдэг.

Ковид-19-ийн улмаас мань эр нарийн бичгийн даргын ажлаа алдаад зогсохгүй, удирдах зөвлөлөөс хасагдаж, УИХ-д нэр дэвших эрхээ алдсан билээ.

Вирусын улмаас мандатын эрхээ алдаж байгаа удаах хүн мөн л Орхон аймагт нэр дэвшихээр бэлтгэж байсан УИХ-ын гишүүн О.Содбилэг болоод байна. Тэрээр өмнө Орхон аймгаас хоёр ч удаа сонгогдсон. Тойрогтоо дажгүй рейтингтэй байгаа нэгэн.

Гэвч энэ оны эхээр Тайланд Улсад амрахаар яваад тэндээ гацаж эх орондоо ирж чадахгүй болсон байна. Түүнийг 4-р сарын 30-ны нислэгээр ирнэ гэж тооцоолж байсан боловч ирэхээс татгалзаж энэ удаагийн УИХ-д нэр дэвшихгүй байхаар шийдсэнээ журмын нөхөддөө дуулгасан гэж ойрын эх сурвалжаас нь мэдээллэж байна. УИХ-д аав, ээж, хүү гурав сонгогдож байсан тохиолдол тэдний гэр бүлээс өөр байхгүй. О.Содбилэгийн оронд Орхон аймгийн засаг дарга Д.Батлут нэр дэвшихээр болжээ.

Сонгуульд дэвших эрхээ алдах шахсан нэгэн бол Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг. Тэрээр АНУ-д явж байгаад мөн л гацаж эх орондоо ирж чадахгүй байсан юм. Завхан аймагт нэр дэвших хамгийн өндөр магадлалтай түүний рейтинг судалгаагаар ч өндөр гарсан гэдэг.

Харин мань эр “нэр дэвшихээ больдог ч юм билүү” гэж намынхныгаа багагүй айлгаад авчээ. Өмнө хэд хэдэн чартер нислэгээр түүнийг авчрах гэсэн боловч гарьд маань хойшоо суугаад, нэр дэвшихгүй янзын зүйл яриад байсанд МАН-ынхан өндөр авч өнгөрөгч 4-р сарын 30-ны нислэгээр бараг л “албан хүчээр авчирсан” гэнэ.

Хэрвээ Ц.Цэрэнпунцаг л Завханд нэр дэвшихгүй бол МАН тус аймагт үсгүй арчуулах аюултай байгаа учраас хөгшид, өвчтнүүдийн хараалыг баран байж авчирсан байна. Ц.Цэрэнпунцаг гарьд 21 хоног эмнэлэгт, 14 хоног гэртээ үргэлжүүлж тусгаарлагдаад гарахад 6-р сарын 2 болж таарна. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц гарч ирээд шууд ажилдаа орно гэж тооцоолж байгаа ажээ.

Мөн УИХ-ын гишүүн асан М.Зоригт, Дундговь аймагт нэр дэвшихээр горилж явсан экс Ерөнхий сайдын хүү Б.Баттүшиг, МАН-аас УИХ-д нэр дэвших магадлалтай байсан Ч.Ганхуяг нарын олон эрхмүүд вирусын хөл хорионы улмаас ирж чадахгүй байгаа ажээ.

Үзэгчдийн саналаар Э.Дашням шоуг үргэлжлүүлэх эрхтэй боллоо
Үзэгчдийн саналаар Э.Дашням шоуг үргэлжлүүлэх эрхтэй боллоо
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.