БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их дээд сургуулийн төгсөгчдийн чанартай боловсрол эзэмшиж байгаа эсэхэд өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Та бидний бэлтгэж байгаа бүтээгдэхүүн 100 хувь борлогдож байна уу. Бид чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадаж байна уу. Энэ асуултанд бид хариулт өгөх ёстой.
Хөдөлмөрийн зах зээл дээр Их, дээд сургууль төгссөн 30 хүүхдийн дунд 1 ажлын байр оногдож байна. Гэтэл мэргэжлийн боловсролын сургууль төгссөн 6 хүүхдийн 1-д ажлын байр оногдож байгаа. Мэргэжлийн боловсролын тогтолцоогоо дээд боловсролын тогтолцоо нь залгичахсан юм биш биз дээ гэж би бодож байна.
Бусад улсуудад энэ 2 тогтолцоо нь хамт хөгжиж байж зөв тогтолцоо бий болдог. Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн 85 хувь нь дээд боловсролыг сонгодог. Ийм тогтолцоотой улс орон гэж байхгүй.
Цаашдаа Монгол Улсын дээд боловсрол мэргэжлийн боловсролтойгоо уялдсан, хамгийн уян хатан тогтолцоо руу шилжих ёстой. Энэ бол боловсролын шинэчлэлийн чухал амин сүнсний нэг байх болно гэж бодож байна" гэв.