МАН-ын генсек мангар том нүүдэл хийж, улс төрийн амьд мумми Ц.Нямдоржийг мөргөж унагав. Нэгдүгээрт, Ц.Нямдоржийг явуулсанд баярлалаа. Хоёрт, ирээдүйд хийх улс төрийг нь таамаглах гэж хичээе.
Генсекийн мөргөлт 70-аас цааш оныхонд нэн хамаатай мөргөлт. МАН-ынхан эрх мэдлийн эрэмбэ дараагаа багдаа 8 жилээр зурдаг муу зуршилтай улс. Энэ зуршил нь хөдөлсөн болоод л Д.Амарбаясгалан ил гарч тоглохоор болов. Энэ тоглолтын үзүүрт ирээдүйн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн хувь заяа ч байж мэднэ.
Шуудхан хэлбэл, сонгуулийн дараа Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхийлөгчид сойх төлөвлөгөөгөө МАН-ынхан саяын томилгоонд “нуув”.
Гаднаас засгаа ч, Их хурлаа ч хаздаг бахь шиг атгалаа гэж МАН-ынхан битүүхэн шүүмжилдэг. Энэ шүүмжлийг нь улам хага базахын тулд мань эр сайд боллоо.
Тэр яахын аргагүй өчигдрийн гол дүр. Сайд болохоо дуулгасан өдрөө л гол дүр болох болзлоо хангасан. Магадгүй ирээдүйд МАН-ын гол дүр болохыг ч үгүйсгэхгүй. Улс төрд хэн ухаан сийлнэ. Тэр ялагч болдог “ширэнгийн” хуулийг Д.Амарбаясгалан сайн мэднэ. Д.Сумъяабазарыг хотын “шавар” руу чирч оруулчихаад инээвхийлэн зогсохдоо ч тэр энэ хуулийг л дагаж байсан. Гэхдээ одоогийн намын даргатайгаа шууд муудалцаад “зодолдоод” эхэлнэ гэсэн үг биш. Харин ч илүү ойлголцоно л гэсэн үг. Тиймээс л тэр цагаан ордноо саарал ордноор солио байлгүй.
Харин энэ улс төр Л.Оюун-Эрдэнэд өнөөдөртөө нэг их чухал биш. Тархиндаа зурсан том ажлуудаа нугалах нь л илүү чухал. Асуудал ирээдүйд яаж ч өрнөсөн бай Л.Оюун-Эрдэнийн улс төр өнөөдрөөр тоологдож байгаа тул хэн хүчтэй байх нь түүнд чухал биш. Хэний хүчийг ашиглах нь л хамгийн чухал. Ингэж байж л “Шинэ сэргэлтээ” үлдээнэ.
Ингээд ирээдүйн их улс төрийнхөө бие халаалтаа хийж МАН-ын генсек “талбайтайгаа” танилцаж, үүнтэй зэрэгцэж хүчтэй легаси үлдээх гэсэн Ерөнхий сайдын бодлого ажиллаж эхэллээ. Энэ хоёр бодлого удтал параллель шугамд явах ч, хожим хойно нь хөндлөн огтлолцох буй за.
Г.Лхагвадорж