УИХ-ын чуулганаар байнгын хороодын дарга нарыг албан ёсоор баталлаа. Өмнөх байнгын хороодын дарга нарын бүрэлдэхүүн дундаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр бууриа сэлгэж Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар томилогдсон бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл, 11 байнгын хорооны есийг нь шинэ дарга нар удирдахаар болж буй юм.
Эдгээрт эмэгтэй гишүүдийн квотоор УИХ-ын гишүүн П.Анужинг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томиллоо.
Эл томилгооноос харахад, нийгэм, байгаль орчин, боловсрол гээд Ардын намын зүүн төвийн бодлогыг хамгийн ихээр зүтгүүлдэг нийгмийн чиглэлтэй гол байнгын хороодын даргаар очсон эмэгтэй гишүүд тун сулхан харагдаж байна. Ирэх хоёр жил сонгуулийн бэлтгэл ажил парламент дээр ид өрнөх учиртай. Гэтэл сая томилогдсон 9 байнгын хорооны дарга нараас улс төрийн "бяр", нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаараа тун ч тааруухан гурван хүнийг байнгын хорооны даргаар тавьсан нь МАН-д улс төрийн алдагдал хүлээлгэх өндөр магадлалтай.
П.Анужин гишүүнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар "захиалсан" шахуу хүн нь шинэ сайд Д.Сарангэрэлийг гэсэн "бор шувуу" саарал ордонд нисэж эхэлсэн. Б.Саранчимэг гишүүн хувьд байнгын хороо авахаар аль дээрээс л хөөцөлдөөд бүтэхгүй явсаар одоо л байнгын хороо авч байгаа юм. Г.Мөнхцэцэгийн хувьд мөн л сайдад зүтгээд чадалгүй байнгын хороо дээр унаж байна.
Ер нь улс төрийн тавцанд байнгын хороо хариуцана гэдэг нь ирээдүйд энэ чиглэлээрээ тушаал дэвшиж, сайдын хэмжээнд яригдана гэсэн үг. Сая хүртэл Ерөнхий сайд Засгийн газартаа нэн түрүүнд байнгын хорооны дарга нараас томилсоныг бэлхэнээ харсан байх.
Мөн байнгын хорооны дарга нар бол тухайн салбарын бодлого, хуулийн төслийг УИХ дээр авч орох, цэгцлэх цаашилбал холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож батлуулдаг өндөр үүрэг рольтой. Тиймээс эдгээр гишүүд чуулган, байнгын хороо дээрээ салбарынхаа бодлогыг хэрхэн зангидах, улс төрийн "бяр" хэр хэмжээнд байгааг улс төрийн хүрээнийхэн бүгд сэм ярилцаж байна.