Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал болон Ардын намын ҮХНӨ-ийг дэмжиж, наймаалцсан АН-ын бүлгийн гэх зургаан гишүүн байгаа талаар нэлээдгүй шуугиж байгаа. Түүний дотор УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр явж буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах зүйлийг хэллээ.
Тэрбээр, "2021 оны 11 дүгээр сараас хойш нэг жилийн хугацаанд бид бүлгийн хуралд суугаагүй. Учир нь тухайн үед бид хуралдаад бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах санал өгчихсөн байсан. Тиймээс албан ёсоор бүлэг гэж үзэхгүй учир хуралд суугаагүй.
Мөн надтай холбоотой мэдээлэл буюу ЭМЯ, ХХААХҮЯ-д сайд болгоно гэх мэдээлэл явж байна лээ. Өмнө нь ХХААХҮЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан болохоор тэр байх.
Түүнээс гадна би хувь хүний хувьд болон улс төрчийнхөө хувьд Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Ямар нэгэн нам болон хувь хүний эрх ашгийг дээр тавьдаггүй.
Мөн манай АН-ын бүлэгт ямар нэг сайдын санал ирээгүй учир өөрийнхөө өмнөөс болон нөхдийнхөө өмнөөс тайлбар өгөх боломжгүй байна" гэлээ.