Ардчилсан намын Үндсэн Дүрмийн Хороо өнгөрсөн бямба гарагт хуралдаж, хууль бус ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлахад оролцсон Ардчилсан намын гэх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн ба өнөөдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг 8 жилийн хугацаатайгаар намаасаа хөөсөн талаар С.Эрдэнэ мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваанаас сэтгүүлчид энэ асуудлаар дараах зүйлийг асуулаа.
-Өнөөдөр бүлгийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэв. Мөн АН-аас сайд болох асуудал яригдсан. Таны нэр ч бас яригдаж байна?
-Миний хувьд энэ талаар хэвлэлийн мэдээлэлтэй байна. Цаг үеийн асуудлаа ярилцсан. Засагт хамтрах талаар огт яригдаагүй.
-Санал тавиагүй юу?
-Сүүлийн үед ээлжит бус чуулгантай холбоотой асуудал яригдсан. Одоогоор АН-ын гишүүдтэй хамтрах асуудал, санал яригдаагүй байна.
-УИХ-ын дөрвөн гишүүнийг хөөхөөр АН бүлэгтэй байх боломжгүй шүү дээ?
-УИХ-ын дэгийн тухай хуульд "Нам нь УИХ-ын сонгууль болсны дараа албан ёсоор нэг удаа УИХ-ын даргад бүлэгт орох гишүүдийн нэрсийг явуулдаг" АН 2020 оны сонгуулийн дараа 11 гишүүний нэрийг тавиад бүлэгт оруулсан. Үүнээс хойш бүлгээс хүн нэмэх, хасах асуудал намтай холбоотой байдаг асуудал биш.