Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: “БЖМ Констракшн“-ы захиалсан стандартын бус барилгад 200 гаруй айл өрх аюултай нөхцөлд амьдарч байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
12 минут 39 секунд
Хотхон дунд ШТС байрлаж байна

Монголчууд бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхээ эдэлж чадаж байна уу? Энэ асуултад хариулт авбал, ихэнх нь ҮГҮЙ гэж хариулах нь лавтай.

Угтаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2 дугаар зүйлд “Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах ҮНДСЭН эрхийг баталгаатай эдэлнэ” хэмээн заасан байдаг. Гэвч бид энэхүү үндсэн эрхээ төдийлөн эдлээд байдаггүй нь нууц биш.

Энэхүү эрхээ эдэлж чадахгүй байгаагийн хамгийн энгийн жишээ бол гэр хороолол, орон сууцны барилгын ойролцоо байрлах ШТС-уудын аюулгүй байдлын асуудал юм. Шатахуун түгээх станц нь галын аюултай бүс. Тиймдээ ч ШТС-ын ойролцоо баригдах орон сууц, барилга байгууламжийн зай талбайд тавигдах стандарт гэж бий.

Гэтэл бидний хэлж заншсанаар “ЦАЙЗ” захын баруун талд байрлах “Sky Residence-2” хотхон “Шунхлай” ШТС-аас 10 хүрэхгүй метрийн зайд байрлаж байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Иймд бид БЗД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, тус объектоос дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

"Шунхлай" ШТС 11 жил үйл ажиллагаа явуулж байгаа

Шунхлай ШТС уг байрлалд 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна

Бид Шунхлай ШТС-ын байранд очин, менежерээс нь мэдээлэл авлаа. Менежер "Шунхлай ШТС нь 2011 онд энэ талбайд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо 11 жил болж байна. Харин "Sky residence-2" хотхон өнгөрсөн жилээс эхлээд ашиглалтад орсон гэдэг юм билээ. Угтаа орон сууц, байгууллага, ААН-үүдийг ШТС-аас 25-50 метрийн зайд байрлуулах ёстой гэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмд заачихсан байдаг.

Гэтэл ойролцоогоор 20 метр ч хүрэхгүй ойрхон талбайд орон сууц барьчихсан. Бараг 200 гаруй айл оршин суугаад амьдарч байна. Түүнээс гадна энэ байрны зогсоол хүрэлцээгүйн улмаас манай ШТС-ын талбайд машинаа байрлуулах оршин суугчид ч цөөнгүй. Яаж аюултай орчинд машинаа байрлуулчихаад санаа амар унтаж чаддаг юм бол гэж гайхдаг. Яаж газрын зөвшөөрөл өгсөн юм сайн мэдэхгүй байна" гэсэн юм.

ШТС-д тавигдах ерөнхий шаардлагад, "Шатахууныг хүлээн авах, хадгалах, түгээгүүрээр дамжуулан тээврийн хэрэгслийн шатахууны сав болон зориулалтын зөөврийн саванд юүлэх нь ШТС-ын үндсэн үйл ажиллагаа байна" гэж заасан байдаг.

Мөн "ШТС-ын барилга, байгууламж, технологийн тоног төхөөрөмж нь галын аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, экологийн болон хөдөлмөрийн нөхлийг нийтлэг шаардлагууд болон бусад стандартын шаардлагыг хангасан, аюулгүй, найдвартай ажиллагааны нөхцлийг бүрдүүлсэн байна" гэсэн стандартад нийцсэн байх ёстой. Иймээс бид тус ШТС-ийн менежерээс аюулгүй ажиллагааны дүрэм болон аюулгүй байдлаа хэрхэн ханган ажилладаг талаар асуулаа.

Тэрбээр "Манай ШТС Баянзүрх дүүргийн ОБГ-тай байнгын хамтран ажилладаг. Галын онцгой дүрэм, журмыг төлөвлөгөөний дагуу болон тулгуурлан ажилладаг. Түүнээс гадна шатахуун хадгалах сав далд буюу газар доор /Газрын хөрсөн доор эсвэл газрын хөрсөн дээр далдлан булж, суурилуулсан сав/ байрладаг.

Анх ШТС болон орон сууцны хооронд ямар ч тусгаарлах зүйл буюу хайс байгаагүй. Тиймээс байгууллагаруугаа ярьж байж, хашлага хийлгэсэн. Түүнээс гадна ШТС бол аюултай бүс гэж хэлсэн. Тиймдээ ч оршин суугчид тамхины иш, цогоо хаях магадлал гарвал ямар нэг эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас ядаж тусгаарлах зүйл хийлгэх нь зөв гэж үзсэн" гэлээ.

Монгол Улсын ШТС-д тавигдах стандартын 3.6-д "Аюулгүйн зай"-г тодорхойлж өгсөн байдаг. Үүнд,

Галын болон бусад аюул дамжихаас сэргийлэх, ослын үед орчны барилга байгууламж, хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор эрхийн актаар тогтоон мөрдүүлж буй ШТС-ын барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдийн хооронд болон тэдгээрээс бусад барилга байгууламж, байгалийн тогтоц хүртэлх аюулгүйн хамгийн БАГА ЗАЙ" хэмээн тодорхойлжээ.

Тэгвэл стандартын зайн хэмжээ нь "ААН, байгууллагын үйлдвэрлэл, агуулах, захиргаа, аж ахуй эрхлэх барилга байгууламж багадаа 25 метр, Орон сууц, нийтийн барилга ШТС-аас дор хаяж 40-50 метрийн зайд байрлах ёстой" гэсэн заалт бий.

"Шунхлай" ШТС болон "Sky Residence-2" хотхон хоорондоо 10-15 метрийн зайтай

Тайлбар байхгүй.

Шунхлай ШТС болон "Sky Residence-2" хотхоны хоорондын зай стандартын бус бөгөөд галын аюулгүй байдал алдагдсан тохиолдолд галд өртөх асар өндөр эрсдэлтэй юм. Мөн шинэ блок барилгын ажил ч үргэлжилж байлаа. Бид энэ талаар Тус барилгын шинэ блок барьж буй хүмүүсээс асуухад "Барилгын талаар мэдээлэл өгөх боломжгүй, зөвхөн туслах хийдэг" хэмээсэн юм.

Тус хотхоныг "БЖМ Констракшн" захиалж, "Андын Зам Констракшн" гүйцэтгэж байгаа аж.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн нормыг хуульчилж өгсөн байдаг ба 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлжээ. Хуулийн "Хавсралт Б"-д зааснаар,

"ШТС-руу харсан барилгын хана нь галд тэсвэртэй бөгөөд хаалга цонхгүй бол хүснэгтийн 2-р мөрөнд заасан зай хэмжээг нормчлохгүй, 3-р мөрөнд заасан зайг хэмжээг 50%-аар багасгахыг зөвшөөрнө" гэжээ.

Гэтэл тус барилга нь орон сууцны зориулалттай учир олон тооны цонхтойгоос гадна, дулаалгын материал нь хөөсөнцөр аж. Эргэн сануулахад, "Өнгөрөгч 2021 оны тавдугаар сарын 31-ны өдөр тус барилгын хогийн цэг болон 16 давхар байрны 1 давхраас 10 давхар хүртэлх гадна талын дулаалгын хөөсөнцөр шатаж" байсан удаатай. Тиймээс эрсдэл өндөртэй гэсэн үг юм.

Иймд бид тус байрны оршин суугчид болон СӨХ-өөс мэдээлэл авлаа.

Оршин суугчид өөрсдөө сонголтоо хийгээд ирсэн учир хувь хүний асуудал

СӨХ-ийн дарга н.Уянга

"Мэдээж ШТС-ийн ойролцоо байна гэдэг бол аюултай байх магадлалтай. Гэхдээ оршин суугчид бид өөрсдөө сонголтоо хийгээд ирсэн учир энэ нь хувь хүний асуудал байх. Миний хувьд барилга барьсан хүн нь биш учир бусад асуудлыг сайн мэдэхгүй байна. Миний хувьд энэ байрныхаа айл өрхийг хариуцаад явдаг. Энэ орон сууцны хувь 2020 оны 12 дугаар сард ашиглалтад орсон" гэв.

Харин оршин суугчдаас эрүүл ахуй болон аюулүй байдалтай холбогдуулан мэдээлэл авахад дараах зүйлийг хэллээ.

ШТС-тай ойролцоо амьдарч байгаа ч аюулгүй санагддаг

Оршин суугч

"ШТС болон хотхоны хооронд хэдэн метр зай байдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ тухайн ШТС аюулгүй байдлаа хангаж ажилладаг байх. Тэгэхээр ШТС-ийн ойролцоо амьдарч байгаа ч гэсэн аюулгүй санагддаг" гэлээ. Харин өөр нэг оршин суугч хотхоны хэд хэдэн асуудлын талаар хуваалцлаа.

ШТС-аас илүү усны асуудал их байна

Оршин суугч

"Манайх яг ШТС талдаа байрладаг. Заримдаа шатахууны үнэр үнэртэж л байдаг юм. Түүнээс гадна байнга машин тэрэг явж байдаг болохоор дуу чимээ ихтэй. Гэхдээ ШТС гэхээсээ илүү усны асуудал маш их тулгардаг. Халуун ус тасраад удаж байна. Халуун гарахаараа зэвтэй ус гарна. Зэвгүй гэхээр дан хүйтэн ус гарна. Оршин суугчид усанд ч орж чадахгүй, үсээ ч угааж чадахгүй юм.

Хятадууд барьсан юм болов уу л гэж бодож байна. Амьдрахад жаахан хэцүү. Хамгийн наад зах нь л ус. Түүнээс гадна суултуур нь ч бас асуудалтай. Хүүхдийн суултуур гэмээр жижигхэн. Энэ мэт асуудлууд бол байна" гэлээ.

Бид уг асуудлын талаар МХЕГ-аас тодруулахад дараах зүйлийг хэллээ. "Улсын комисст МХЕГ-ын байцаагч ажиллахаа больсон. Зөвхөн барилгын чанарын техникийн хяналтын байцаагч ордог болчихсон байгаа. Тухайн газар буюу ШТС-аас тэдэн метрийн зайд орон сууцны зориулалттай барилга барьж болно гээд газар олгоод, хот төлөвлөлтийг нь өгчихсөн байж болно. Цаашдаа манайд гомдол мэдээлэл ирвэл бид шалгалт хийх боломжтой. Магадгүй шалгалтын явцад газрын зөвшөөрлийг нь өгчихсөн, зураг төсөл нь батлагдсан, аюулгүй гэдгийг нь батлаад мэргэжлийн зөвшөөрөл олгосон байх тохиолдол бий. Үүнд, мэргэжлийн байгууллага өөрсдөө дүгнэлтээ өгсөн бол тэдний ажил үнэн зөв хийгдсэн эсэхийг нягталж үздэг юм. Хэрэв үнэхээр асуудалтай эсэх нь тогтоогдвол энд ашиг сонирхлын зөрчил орсон уу, авлига орсон уу гэдгийг АТГ болон Цагдаагийн байгууллагын асуудал болоод явчихдаг юм. Энэ мэт асуудал дээр хуучин үе шиг МХЕГ хүлээж авна гэсэн ойлголт байхгүй болчихсон" гэв.

НЭМЭЛТ: "Шатахуун буюу бензин нь өөртөө нүүрс устөрөгч гэх химийн хорт бодис агуулдаг. Энэ нь хүний биед орж, уушги, элэг зэрэг эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Үүнээс гадна хүнийг донтуулах үйлчилгээтэй төдийгүй нэг үнэртсэн бол дахин дахин үнэртэх сэдлийг төрүүлдэг аж.

Манай улсад байрлах ШТС-ууд стандарт журмыг мөрдөх нь тун бага. Тухайлбал "ШТС-руу орох гарах зам нийтийн эзэмшлийн замаас тусдаа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саадгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан болон галын аюултай бүс болохыг анхааруулсан тэмдэг, замын тэмдэг тэмдэглэгээтэй" байна гэж заасан байдаг. Гэтэл манай улсын ихэнх ШТС-ууд авто замтай шууд холбогддогийн дээр машины хурдыг хязгаарлах хурд сааруулагч ч байдаггүй.

Дээрх жишээ бол зөвхөн энгийн жишээ. Энэ мэт ШТС-уудын ойролцоо, эсвэл орон сууц болон гэр хорооллын тачирхан зай талбайд хот төлөвлөлт хийж, стандартын бус хэмжээнд ШТС-уудыг байгуулах нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчиж буйн илрэл юм. Дээрх сурвалжилгаараа хоёр компанийн зөв бурууг дэнслэх гэсэнгүй. Харин хот төлөвлөлтийг зөв хийж, ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд аж төрөх боломжийг олгож байхыг сануулахыг зорив.

Үүний дээр иргэд ч мөн өөрийн амьдрах, оршин суух газраа зөв сонгон, өөрийхөө болон ирээдүй болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг чухалчилж байх нь зөв юм.

“Дөл-2022” тэмцээн нээлтээ хийлээ
“Дөл-2022” тэмцээн нээлтээ хийлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.