УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар яг одоо ҮХЦ-ийн тогтоол гарсантай холбогдуулан Үндсэн хуулийн зүйл заалтыг өөрчлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эрх баригчид Засгийн газрын танхимдаа сэлгээ хийх хуулийн гарцаа ийнхүү тодорхойлсон. Уг нь Цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу органик хуулиудаа өөрчлөх боломжтой байсан ч тэгсэнгүй.
Хуралдаж чадахгүй нэг өдрийг өнгөрүүлсэн МАН-ынхан ийнхүү асуудлуудаа шуурхай явуулахаар бэлтгэж буй нь огцорч буй сайдууд болон шинээр томилогдох хүмүүстэйгээ тохироогоо бүрэн хийсний илрэл гэж шууд дүгнэж болох юм.
Тэгвэл “дан дээл”-тэй гэж нүд үзүүрлэгдэн суудлаасаа буух дээрээ тулаад буй одоогийн гаднаас томилогдсон сайдуудаа хоосон хоцроохгүй байхаар Ардын намынхан дотроо ярилцжээ. Өөрөөр хэлбэл, одоогийн “дан дээл”-тэй сайдуудаас нэгийг нь ч үлдээхгүй байхаар ярьсан бөгөөд явж буй сайдууддаа заримд нь албан тушаал, заримд нь тойрог амалсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм.
Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг Ховд аймагт, ХНХ-ын сайд А.Ариунзаяаг Говь-Алтай аймагт, Соёлын сайд Ч.Номинг Сүхбаатар дүүрэгт, Б.Батцэцэг сайдыг Баянхонгор аймагт, Тавинбэх сайдыг Багануур дүүрэгт, Б.Мөнхбаатар сайдыг Төв аймагт 2024 оны сонгуулиар нэр дэвшүүлнэ гэх амлалт, тохироог хийсэн гэнэ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хувьд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар явах, эсвэл дараагийн сонгуулиар Архангай аймагт нэр дэвших боломжтой аж. Учир нь Архангай аймгаас сонгогдсон Ё.Баатарбилэг гишүүн Хөгжлийн банкны асуудалд холбогдож бүрэн эрхээ алдах хэмжээнд хүртэл очоод байгаа тул Архангайд нэр дэвших зай гарч болох талтай.
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг эмнэлгийн даргаар эсвэл одоо хоосон байгаа дэд сайдын суудалд нь томилох. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг аль нэг төрийн өмчит компани руу явуулахаар ярилцсан гэх бор шувуу саарал ордонд нисэж байна.
УУХҮ-ийн сайд Ёндон өөрөө яамныхаа төрийн нарийн бичгийн даргаар томилогдох саналаа намынхандаа илэрхийлсэн гэнэ.
Ийнхүү чуулганаар Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг хэлэлцэж буйтай зэрэгцэж огцорч буй сайдуудаа хоосон хоцроохгүй байх шийдлийг МАН-ынхан дотооддоо тохирсон аж. Мөн тойрог, албан тушаал амлахаас гадна намраас намын бодлогын албан тушаалуудад заримыг нь томилох бололтой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж талаар одоогоор хараахан мэдээлэл алга байна.
Л.Баяр