Нэгдүгээр ангид элсэн сурагчдын цахим бүртгэлтэй холбоотойгоор эцэг, эхчүүдийн өмнө хаягийн зөрчлөөс үүдсэн хэд хэдэн асуудал тулгараад буй. Тухайлбал, орон нутгийн харьяатай, нийслэлд түр оршин суух хаягтай иргэд шилжилт хөдөлгөөн хийгээгүйгээс болон хаягийн зөрчилтэй эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн нэгдүгээр ангид элсэн суралцуулах вэ гэх асуултад хариулт авч чадахгүй байгаа юм. Тэгвэл уг асуудлаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очироос дараах тодруулгыг авлаа.
-Нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлтийн цахим бүртгэл маргааш дуусах гэж байна. Одоогоор нийт хэчнээн хүүхэд бүртгэлд хамрагдсан байгаа вэ?
-Тухайн иргэний буюу эцэг, эхийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаягийн мэдээллийг боловсролын системтэй уялдуулж, “И-Монголиа” цахим системээр дамжуулан нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын хүсэлтийг авч байгаа.
Энэ хичээлийн жилд 78 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах албан ёсны статистик байгаа. Үүнээс гадна малчин өрхийн долоон настай байвал хүүхэд байвал харьяа сургуульдаа хүсэлт гаргаад элсэх боломжтой.
Хаягийн зөрчилгүй 64 мянган хүүхдийг эцэг, эх асран хамгаалах боломжийг систем дээр үүсгэсэн. Одоогоор 25-26 мянган эцэг эх ямар нэг асуудалгүй хүсэлтээ баталгаажуулсан байгаа.
-Хаягийн зөрчлөөс үүдсэн хэчнээн хүүхэд цахим бүртгэлд хамрагдаагүй байна вэ?
-Одоогоор 8000 хүүхдийг ЕБС-ийн элсэлтийн комиссоос хянагдаж байна гэсэн төлөвт оруулсан байна. Харин 4000 хүүхдийг түр түдгэлзүүлсэн байна. Энэ 4000 хүүхдийг яагаад түр түдгэлзүүлсэн байна гэхээр гэнэтийн шилжилт хөдөлгөөн хийснээс шалтгаалсан байгаа юм. Тиймээс тухайн хүүхдийн эцэг, эх сургуулийн элсэлтийн комисс дээр очиж, учир шалтгаанаа тайлбарлах ёстой.
Тэгэхээр мэдээж хорооны Засаг даргын ажлын алба, сургуулийн элсэлтийн комисс, иргэний бүртгэлийн ажилтан бүгдийг нь хянаад сууж байдаг. Энэ асуудал бүх сургууль дээр гарч ирээд байгаа асуудал биш, цөөн тооны сургууль дээр. Тухайлбал, хотын төвд байршилтай, олон жилийн түүхэн туршлагатай, бодлого менежментийн хувьд олонд танигдчихсан сургуулиудад ихэвчлэн ажиглагдаж байгаа.
Хамран сургах суралцагчдын тоог өнгөрөгч тав, зургаадугаар сард хийхэд 100-200 хүүхэд гэж гарсан байдаг. Гэтэл одоо хүсэлт илгээж байгаа тоо нь 300-400 хүүхэд болчихоод байна. Шилжилт хөдөлгөөний байршлыг нь харахаар зарим орон сууцны нойлын өрөө, худалдаа үйлчилгээний зориулалттай газар эсхүл нэгдүгээр ангид элсэж байгаа хүүхэдтэй зэрэгцэн нэг хаяг дээр 2-3 хүүхэд болчихсон зэрэг асуудал гарч ирж байна.
Үүнийг хамгийн түрүүнд судалж байгаа. Үнэхээр энэ хаяг дээр оршин сууж байна уу, эсхүл ашиг сонирхол, танил талаа ашиглаад хуурамч хаяг дээр ирчихсэн байна уу гэдгийг хянахаас өөр аргагүй.
Мэдээж асуудал гаралгүй яахав. Жишээлбэл, Хөдөө орон нутгаас ажлын байр олдоод нийслэлд түр шилжиж ирэхдээ хүүхдүүдээ дагуулаад ирчихсэн эцэг, эхчүүд байна. Үүнийг нь элсэлтийн комисс нотлоод хүүхдийг сургах боломжтой.
Ийм асуудал гарна гэдгийг бид тооцоолж байсан. Олон жилийн турш буруу хандлагатай явчихсан болохоор ойрын хоёр, гурван жилдээ үүнийг цэгцлэх гэж оролдох байх. Тиймээс өнөөдөр хяналтын горимд 8000 хүүхэд, 4000 хүүхэд түр түдгэлзүүлсэн, 200 гаруй хүүхдийг шилжилт хөдөлгөөн хуурамч байна гээд татгалзчихсан байна.
-Татгалзсан хариу авсан хүүхдүүдийн хувьд энэ жил нэгдүгээр ангид элсэн сурах боломжтой юу?
-Энэ нь эцэг, эхийн үүрэг хариуцлагаас хамаарч байгаа. Эцэг, эх нь худал зүйл хийсэн нь нотлогдсон бол төр засгийн хийж байгаа зүйлд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс биш огт сургахгүй гэх зүйл байхгүй. Яг л харьяаллын дагуу, хамран сурах тойрогтоо сурах боломжтой.
-Үүнээс гадна иргэдийн хувьд байрны ордер гараагүй, шинээр ашиглалтад орсон байранд нүүж орсон тохиолдол гарч байна. Ийм асуудалтай байгаа эцэг эхчүүд хэрхэн хүүхдээ бүртгүүлэх вэ?
-Албан ёсоор ордер нь гараагүй байранд нүүгээд орчихсон тохиолдол их байна. Мэдээж энэ асуудал дээр хороо хорин, хорооны Засаг даргын ажлын алба мөн тухайн цэцэрлэг, сургууль хамтраад ажиллаж байна. Энэ нь боловсролын салбарын буруу биш шүү дээ. Харин эсрэгээрээ боловсролын салбарт асуудал үүсгэж буйн нэг хэлбэр. Тиймээс хаана хаанаа хариуцлагатай байх нь зөв.
Үүнээс гадна ялангуяа хөдөө орон нутагт нийтлэг ажиглагдаж байгаа алдаа нь эцэг, эх хоёр нь хоёр өөр хаягтай. Таван жил нэг хаяг дээр амьдарчихаад өнөөдрийг хүртэл хаяг адрессаа шилжүүлээгүй тохиолдол гарч байна. Тэгэхээр цаашдаа бүртгэлийн системийн ард бүх зүйл жигдэрч, цэгцрэх ёстой гэж харж байгаа. Ингэж байж бие биедээ итгэдэг, дэмждэг байхгүй бол бүх асуудал боловсролын салбарын асуудал буюу ар өврийн хаалгаар шийддэг асуудал цаашид цэгцрэхгүй.
-Хаягийн шилжилт хийгдсэн ч гэсэн хүүхдийг нь бүртгэхгүй байх тохиолдол гарч байна л даа. Зарим сургуулийн зүгээс эцэг эхчүүдийг иргэний үнэмлэхийн хаягаа өөрчилж ирэхийг шаардсан байна лээ?
-Энэ асуудалд зөвхөн Монгол гуравдугаар сургуулийн жишээг ярья. Бүртгэл эхлэх энэ хооронд 71 хүн хаягаа шилжүүлээд ороод ирчихсэн байгаа. Байршлын хувьд аваад, судлаад үзэхээр шинээр ашиглалтад орсон байр байхгүй. Нийтээр нь түрээслэдэг байр цөөн тэр орчинд. Яг л хуучны тогтсон, том хороолол байгаа юм. Гэтэл гэнэт 71 хүний шилжилт хөдөлгөөн гараад ирэхээр хардахаас өөр, шалгахаас өөр аргагүй болж байгаа юм. Элсэлтийн комисс ажиллахаас өөр сонголтгүй.
Үүнээс үүдээд л тэр сургуулийн нэг бүлэг 40-50 хүүхэдтэй байхаас аргагүйд хүрч байгаа юм. Яг үнэндээ ажил амьдралын нөхцөл байдлаас үүдэн шилжиж ирсэн байна уу, залуу гэр бүл түрээсийн байр түрээслээд амьдарч байна уу гэдгийг хянахаас өөр аргагүй.
Бидний зүгээс сургуулийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй. Сургууль өөрөө шийдэх ёстой асуудал юм. Иргэдийн хувьд тухайн үед нь түр хугацаанд хаягаа шилжүүлчихээд, төд удалгүй нөгөө хаяг дээрээ шилжих тохиолдол гардаг. Энэ нь цаашлаад иргэний бүртгэлийн ажилтыг ч хүндрүүлдэг ийм асуудал гарч байгаа.
Гэтэл бусад сургууль дээр ямар ч ийм асуудал үүсээгүй байна. Нэр бүхий 20 гаран сургууль дээр гэнэт 300, 400-аараа шилжилт хөдөлгөөн хийгдэж байна.
-Хаягийн зөрчилгүй болсон тохиолдолд хүүхдийг сургуульд элсүүлэх бүрэн боломжтой юу?
-Мэдээж боломжтой. Өмнө хэлсэнчлэн ордергүй байранд нүүгээд орчихсон иргэд хаягийн шилжилт хийлгэх боломжгүй. Ялангуяа дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа барилгууд ордергүй хэрнээ айлуудаа хүлээгээд авчихсан байдаг. Тиймээс үүнийг сайтар нягтлах ёстой.
Гэтэл үүнийг далимдуулаад өөр зорилготой шилжилт хөдөлгөөн орж ирээд байгаа. Энэ хэрээрээ нэг хүний ийм асуудалд элсэлтийн комисс маш их цаг хугацаа зарцуулж байна. Цаашдаа хэзээ хүртэл хаягийн зөрчилтэй байх юм бэ. Хаана хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй.
Хамран сургах тойрогт 200 хүүхэд байна гээд Улсын бүртгэлийн сангаас мэдээлэл нь гарч ирсэн байхад элсэлтийн үеэр 400, 500 болчихдог. Хамран сургах тойрог дээр 200 хүүхэд байгаа. 200 сурах бичиг хэрэгтэй гээд сурах бичгээ захиалчихдаг. Гэтэл нэмэгдсэн 300 сурагчид ахин сурах бичиг захиалах шаардлага үүсдэг. Энэ мэт асуудлаас үүдэн бүх төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлчихдөг.
Тиймээс эцэг эхчүүд, хороод, боловсролын байгууллагууд хамтарч үүний ард гарахгүй бол олон жил тогтсон хандлага алга болоход хугацаа шаардана.
-Эцэг эхчүүдийн зүгээс хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхэд маань сургуульгүй хоцорчих вий гэсэн айдастай байна?
-Тийм учраас л эцэг эхчүүд өөрсдөө шударга байх ёстой. Одоо бүх зүйл цахимд шилжсэнээс үүдэн хүн хоорондын харилцаагүй болчихсон. Танил талаараа аргалуулдаг, ажлаа шийдүүлдэг байсан нь өөрчлөгдчихсөн.
Гэтэл хэдхэн ийм хүнээс болоод ард нь үнэнч шударгаар ажиллаж, амьдарч байгаа эцэг эхчүүд хохироод байгаа юм. Тиймээс үүнийг л ойрын жилүүдэд дараад авчихвал цаашид жигдрэх болов уу гэж харж байна.
-Баярлалаа.